БСШУСЯ-ны дэд сайд Г.Ганбаяр Хятадад энэ 17-18-нд ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол соёлын өдрүүдийг 12 сарын нэгнээс гурванд Бээжинд зохион байгуулахаар боллоо. 

Соёлын өдрийн хүрээнд фото зургийн үзэсгэлэн, Монгол судлалын эрдэм шинжилгээний хурал, Монголын кино өдрүүд болон үндэсний урлагийн тоглолт болно. Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Хятадын соёлын өдрүүд есдүгээр сарын 2-6-нд Улаанбаатарт зохиогдсон юм. 

Манай улс Хятадтай 1949 онд дипломат харилцаа тогтоосон ба 2018 оны байдлаар худалдааны эргэлт 6.37 тэрбум долларт хүрчээ. Цаашид хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр хөгжүүлж, 2020 он гэхэд 10 тэрбум долларт хүргэх зорилт тавьсан юм.