ЗТХЯ-ны сайд Б.Энх-Амгалан Бээжинд болсон Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумд оролцох үеэрээ Хятадын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж, хэлэлцээр хийлээ.

Уулзалтаар хоёр орны зам, тээврийн салбарт тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдсэн ба Хятадын талаас манай талд бараагаа Замын-Үүд-Эрээн боомтоор дамжин Хятадын нутаг дэвсгэрээр далайн боомт хүртэл төмөр замаар тээвэрлэхэд 50 хувийн хөнгөлөлт олгохоор болсноо мэдэгдлээ.

Мөн Эрээн боомтын хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцээгүйгээс үүдэн дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монголд олон хоногоор саатаж байгааг цэгцлэх, хоёр улсын авто тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр санал солилцсон байна.

Түүнчлэн шинээр Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах талаар хэлэлцэж, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болж, ажлын хэсгийн ахлагч нарыг томилжээ.

Уулзалтын төгсгөлд агаарын шинэ хаалга нээх асуудлыг эрчимжүүлэх, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр хэлэлцсэн ба Монголын иргэний агаарын тээвэрлэгч компанид Хайнань арлын Санья хотыг нислэгийн нэмэлт нэг цэгээр зөвшөөрч, энэ сарын гурванаас он дуустал шууд нислэг үйлдэх эрхийг олгосон байна.

Сануулахад, өнгөрсөн оны зургадугаар сард зохиогдсон Орос-Монголын санаачилгын үеэр манай улс Оросоор дамжин өнгөрөх нүүрсний тээвэрт нэгдсэн нэвтрэх тарифаас 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт авах хэлэлцээрийг 25 жилийн хугацаатай байгуулсан юм.