Монголын үндэсний фронт, Улсаа аврах иргэдийн хөдөлгөөн, Нам бус иргэдийн нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн, Босоо хөх Монгол зэрэг 100 гаруй ТББ-ууд нэгдэн Соёлын төв өргөөний гадна жагсаж байна. 

Жагсагчид “Иргэд үгээ хэлэх эрхээ эдэлмээр байна, УИХ тар” хэмээн дуу нэгтэйгээр орилж байгаа юм. Тэд УИХ тарж, Ардын түр хурлыг байгуулахыг шаардаж байгаа ба шаардлагыг нь хүлээж автал тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. 

Жагсагчид өнөөдөр албан бусаар жагсаж байгаа учраас уриа лоозон бариагүй ба зарим нь төрийн далбаа барьжээ. Учир нь Монголын үндэсний фронт НЗДТГ-аас өнөөдөр жагсах зөвшөөрөл хүссэн боловч төрийн үйл ажиллагаа давхацсан гэх шалтгаанаар Баасан гарагт зөвшөөрөл олгосон байна. 

Гэвч жагсагчид уг шийдвэрийг хүлээж авалгүй Соёлын төв өргөөний өмнө жагссан ба маргааш 11:00 цагт зөвшөөрлийнхөө дагуу Чингисийн талбайд жагсана гэж мэдэгдлээ. 

Хошууч генерал Б.Баярмагнай Монголын үндэсний фронтыг тэргүүлж байгаа ба аравдугаар сарын 30-нд гуравдугаар хурлаа хийсэн юм. Тус хурлаар Монголын  үндэсний аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдан, ард түмний эрх ноцтой зөрчигдөж, улс төр, эдийн засгийн мухардалд орсон гэж үзэж тэмцэхээр шийдвэрлэсэн байна.