Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрэн, Ил хаад болон Ромын пап нарын харилцсан найман захидлын хуулбарыг манай улсад хүлээлгэн өгөх арга хэмжээ ГХЯ-нд боллоо. 

Энэ нь манай улсын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд тухайн цаг үеийн түүхэн харилцааг бүтэн болгон эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах боломжийг түүхч, судлаачдад олгож байгаа юм.

Дээрх захидлуудыг Монголоос Италид сууж байгаа элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй ЭСЯ-ны хамт олны дэмжлэгтэйгээр Ватиканы нууц архивтай албан ёсны гэрээ байгуулан ГХЯ-ны захиалгаар хуулбарлан авсан байна.

Монголын гадаад харилцааны түүхэн хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагддаг ба эдгээрээс Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг юм. 

Ватиканы нууц архиваас хуулбарлан авсан захидлууд:

  • Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245.03.13/,
  • Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263.05.23/,
  • Ил хан Абагаас IY Клеменцэд илгээсэн захидал /1268 оны зун/, 
  • Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278.04.01/, 
  • Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 он/, 
  • Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн хоёр захидал /1288.04.02, 1289.07.15/, 
  • Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ууд багтаж байгаа юм.

Ватиканы нууц архивт хадгалагдаж буй Монголын түүхтэй холбоотой бусад баримт бичгүүдийг нээн илрүүлэх, судалгаа хийх чиглэлээр тус байгууллагатай манай улс үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна.