Иргэдийн хайхрамжгүй байдал, санамсар болгоомжгүй үйлдлээс болж гол мөрний мөс цөмөрч осолдох тохиолдол удаа дараа гарсаар байна. Тухайлбал, энэ сарын есөнд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр цаа буга тээвэрлэж явсан УАЗ-451 загварын ачааны машин осолдож, гурван иргэн амиа алджээ.

Эдгээр иргэд нь 38-46 настай Цагааннуур сумын харьяат иргэд байсан бөгөөд Онцгой байдлын албан хаагчид өчигдөр нууранд осолдсон иргэд болон машиныг татаж гаргасан байна.

Энэ сарын нэгний байдлаар ихэнх гол мөрний ай савууд мөсөн бүрхүүлтэй байгаа ч нуурын толио, голын нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм. Цаашид цаг агаар дулаарч байгаатай холбоотой мөсний зузаан буурч, хэврэгших тул гол мөрний мөсөн дээгүүр ямар нэгэн хэлбэрээр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Сануулахад, өнгөрсөн онд мөс цөмөрч, өвлийн улиралд усны ослоор 13 хүн амиа алдаж, олон тооны мал усанд живсэн тохиолдол удаа дараа гарсан юм.