Манай улс 2020 онд Азийн хүүхдүүд олон улсын спортын VII их наадам, 2023 онд Зүүн Азийн залуучуудын II наадмыг тус тус зохион байгуулна.

Үүнтэй холбоотойгоор өвлийн спортын битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөл бөмбөгийн талбай зэрэг наадмын тосгоны бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа юм. ХУД-ийн наймдугаар хороо Буянт-Ухаа спорт цогцолборын эсрэг талд хийгдэж буй эдгээр бүтээн байгуулалтын ажилтай ерөнхийлөгч Х.Баттулга танилцлаа.  

Уг бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд наадмын тосгонд байх олон улсын хөл бөмбөгийн холбооны 115х85м хэмжээтэй ногоон зүлгэн талбай баригдах бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Өнгөрсөн сараас эхэлсэн энэ ажил одоогоор ус зайлуулах шугам татах, талбайг тойрсон явган хүний замын ажил хийгдэж байна. Ирэх долдугаар сар гэхэд гадаадын компаниуд ирж ногоон зүлэг тавих ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Мөн битүү дээвэртэй ордны мөсөн ордны газар шорооны ажил дуусаж, барилга угсралтын ажил явагдаж байна. Гүйцэтгэгчээр Улаанбаатар барилга компани ажиллаж байгаа ба барилгын ажлыг 16 сарын дотор ашиглалтад өгөхөөр товлосон байна.

Харин энэ цогцолборт баригдах 50 болон 25 метрийн хоёр усан сан бүхий олон улсын стандартын усан бассейны суурийн ажил дуусах шатандаа оржээ.

Манай улсад өвлийн спортын ордон барих ажилд Чех улсаас тусламж үзүүлэхээр болсон бөгөөд ТЭЗҮ-г хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдэхээр болсон юм.

Зураг: Ерөнхийлөгч