Монголчуудын уламжлалт наадгайн нэг болох шагайн харвааг сэргээх, таниулах, харваачдын залгамжийг бэлтгэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Мөсний шагайн харвааны УАШТ энэ сарын 16-17-нд зохиогдоно.

Шагайн харваа нь өнө эртний түүхтэй Монголчуудын бас нэгэн уламжлалт биет бус өв төдийгүй нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан Монгол ардын наадгайгаас үндэсний спорт болтлоо хөгжсөн юм. Энэ утгаараа шагайн харвааг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2014 онд бүртгүүлжээ.

Монголчууд шагайг эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай хэмээн оньсого, тааварт зүйрлэдэг төдийгүй хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлж иржээ.

Харин одоо цагт Цагаан сарын үеэр шагайгаар түгээмэл нааддаг бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байна.    

Дашрамд дурдахад, манай улс ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад морин хуур, Монгол ардын уртын дуу, Үндэстний баяр Наадам, хөөмэйн урлаг, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй, Монгол гэр, зан үйл, Монгол шагайн харваа гэсэн долоон өвийг бүртгүүлжээ.