МҮБХ-оос допинг хэрэглэсэн бөхчүүдийн асуудлаар Баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүллээ.

Энэхүү шаардлагад бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод хариуцлага тооцох асуудлыг тусгасан байна.

МҮБХ-оос Солонгосоос ирүүлсэн допингийн шинжилгээний хариуд Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь тогтоогдсоныг дурдаж, Баяр наадам зохион байгуулах хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж байна гэжээ.

Иймд бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцохыг МҮБХ-оос шаардлагадаа тусгасан байна.

  • Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уучлалт гуйлгуулах
  • Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  • Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  • Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  • Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  • Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  • Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
  • Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
  • Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах

Түүнчлэн Баяр наадмын тухай хууль, МҮБХ-ны дүрэмд Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй гэх дүрэм журам байхгүй гэлээ. Иймд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны хэргийн шүүх, АТГ-т хандана гэдгийг үүгээр мэдэгдлээ. 

Сануулахад, энэ жил шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн хоёр нь допингийн шинжилгээндээ бүдэрсэн бөгөөд нэг бөхөөс таван төрлийн хориотой бодис нөгөөхөөс нь нэг төрлийн хориотой бодис илэрсэн гэдгийг Монголын үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн юм.