Зураг: Монголбанк

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж мөнгөний бодлогын хүүг нэг хувиар бууруулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр “зээлийн хүү буурч эдийн засагт дэмжлэг болно” гэж Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ. Мөн аж ахуй нэгжүүдэд олгож буй зээлийн эх үүсвэрийг хямдруулах зорилгоор хүүг бууруулсан гэнэ.

Бодлогын хүү буурснаар арилжааны банкнуудын хүү буурах боломжтой. Учир нь Монголбанкны мөнгөний бодлогын хүү ямар байхаас шалтгаалж арилжааны банкнуудын хүү тогтдог.

Үүнийг өөрчлөх нь эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах эсвэл удаашрахаас сэргийлж, эцсийн дүндээ инфляцыг тогтвортой байлгах зорилготой. 

Өнгөрсөн оны 12 сард мөнгөний бодлогын хүү нэг хувиар буурч 11 хувь болж байсан юм. Сонирхуулахад, 2016 оны наймдугаар сард мөнгөний бодлогын хүү хамгийн өндөр буюу 15 хувьтай байжээ.