“Хэн ч ингэж гадуурхагдаж зовж амьдрахыг хүсэхгүй” хэмээн хоолой зангируулан өөрийн түүхээ бидэнтэй хуваалцсан юм. Мөн ямар ч түүхэнд сайхан төгсгөл үргэлж байдаг, ялгаварлан гадуурхалтгүй, гэгээлэг нийгэм хэзээ нэгэн өдөр бий болно гэдэгт итгэдэг гэлээ.

Бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Анх хэзээ өөрийгөө гей гэдгээ мэдэрсэн талаараа ярьж болох уу?

Анх 15-тайдаа гадарлаж, 16 настайдаа өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Тэр үедээ маш их тайвширч, дотроосоо хүнд юм аваад хаячихсан юм шиг санагдсан.

Анх гаж баймааргүй байна гэж бодоод хүлээн зөвшөөрөлгүй жил өөртэйгөө тэмцэлдсэн. Тэр тусмаа сошиалд ийм төрлийн хүмүүс хэрхэн гадуурхагддаг, доромжлуулж, дээрэлхүүлж байгааг хараад тухайн үедээ их айдаг байсан. Үүнээс болж их бухимдаж, гутраад яагаад би гэж бодож, хүчээр эмэгтэй хүнтэй үерхэж, нийлдэг байсан.

Найз нөхөд, гэрийнхэндээ энэ тухай хэлэхэд яаж хүлээж авсан бэ?

Хүлээн зөвшөөрснөөсөө хойш хагас жилийн дараа эгчдээ хэлсэн. Анх хэлэхэд эгч мэдээж хүндээр тусгаж авсан. Манай гэр бүл гадаадад олон жил байсан, манай эгч эмч мэргэжилтэй учраас ойлгох байх гэж бодсон ч, байж болох хамгийн муу байдлаар хүлээж авсан даа. “Огт хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ ч үгүй” гээд ярилцахыг ч хүсээгүй. Эгч минь миний хамгийн дотны хүн байсан учраас хэлэхийг минь сонсох болов уу гэж найдаж хамгийн түрүүнд хэлсэн юм л даа.

Харин намайг 17 хүрэхэд ээжид хэлчихсэн байсан. Уг нь 21 хүрээд, тусдаа гараад бүхнийг шийдвэрлэж дууссаныхаа дараа ээждээ хэлнэ гэж боддог байсан болохоор тухайн үедээ нэлээд бухимдсан. Намайг гей гэж мэдээд л шууд хувцсыг минь баглаад “яг одоо эндээс яв” гэж хөөж, миний сургалтын төлбөрийг тасалчихсан. Түүнээс хойш хамаатан садныдаа ганц хоёр хонож хоёр жилийг ардаа үдсэн дээ. Аль нэг хамаатныдаа очсоныг мэдэхээрээ л ээж утасдаад наадахаа явуул гээд гаргачихдаг байсан юм.

Нэг өдөр гэнэт ээж, эгчтэй нь хамт гурвуулаа аяллаар явъя гэхэд би маш том боломж, одоо л гэр бүл маань намайг хүлээн зөвшөөрч дотносохыг хүссэн юм болов уу гэж бодсон. Гэтэл эсрэгээрээ эмчилгээнд оруулах зорилготой байсан юм байна лээ.

Тэр эмчилгээ нь өндөр хөгжилтэй орнуудад хуулиар хориглогдсон, олон улсын түвшинд эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үздэг ч шашны үзлээс болоод зарим орнуудад хийгддэг. Угтаа бол осолд орсон, гэмтсэн хүмүүст хийдэг эмчилгээ. Маш өндөр хүчдэлээр цохиулж, мартуулдаг юм. Үүнээс гадна ховстох гээд олон арга хэрэглэж үзсэн дээ. Иймэрхүү байдлаар миний эрэгтэй хүнд татагдах байдлыг мартуулах гэж оролдсон юм. Эмчилгээнээс хойш нэг хэсэг зүгээр болчихлоо гэж худлаа хэлдэг байсан ч жилийн дараа тэвчилгүй та хэзээ ч намайг өөрчилж чадахгүй гээд хэлчихсэн.

Түүнээс хойш гэрийнхэнтэйгээ бараг холбоогүй байгаа. Манай гэр бүл удмаа үлдээх ёстой гэсэн хатуу үзэл баримтлалтай нь бас нөлөөлсөн юм шиг санагддаг. Биологиороо бол бид ийм болж төрөх сонголт хийгээгүй, цаанаасаа л ингээд төрчихсөн шүү дээ.

Энэ бүгдийг эргүүлээд бодоход ямар сэтгэгдэл төрж байна?

Хамгийн том саад бэрхшээл бол гэр бүлдээ хэлж ойлгуулах байсан. Тийм учраас ямар ч байдлаар хүлээж авсан бай хэлчихсэндээ баярладаг. Ингэснээр би өөртөө итгэлтэй болж, цаашдаа найз нөхөд, ажлынхандаа хэлэхээс санаа зовохоо больсон.

Ижил хүйсийн хүнд татагддаг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хамгийн чухал асуудал, үргэлж бодлын цаана байдаг зүйл бол яах аргагүй гэр бүлийнхэндээ яаж зөвөөр ойлгуулах вэ гэдэг л байдаг юм. Бид хэчнээн гудамжинд дээрэлхүүлж, доромжлуулж байсан ч хамгийн их айдаг хүмүүс бол аав ээж.

Таны бодлоор манай улсын нийгэм бэлгийн цөөнхөд ээлтэй юу?

Яг үнэндээ Монголын нийгэм хүлээж авахгүй, ойлгохгүй байна гэдэг ч би 10 хүнд хэлэхэд найм нь хүлээн зөвшөөрдөг болчихсон. Нэг хүн муулахад хүмүүс дагаад муулаад байдаг болохоос аль хэдийн хүлээж аваад эхэлчихсэн гэж боддог. Хэлдэггүй л болохоос бараг хүн бүрийн хүрээлэлд нэг ЛГБТ хүн байдаг л байхгүй юу.

Бэлгийн чиг баримжааны тухай мэдээллийг хаанаас авч байсан бэ?

Арван жилд байхад манай багш нар эрүүл мэндийн хичээл дээр онигоо болгож ярьдаг байсан. Тэр нь ч эргээд өөрийгөө гаж гэж бодоход хүргэдэг байсан. Хүний хамгийн эмзэг, тэмцэлдэж зовж байгаа сэтгэлээр тоглоом хийсэнд нь харамсдаг. Үүнээсээ болоод зарим хүмүүс үхэхийг ч хүсдэг шүү дээ. Тиймээс би энэ талаар өөрийн мэддэг бүхнээ интернэтээс авсан.

Танай гэр бүлийнхэнтэй адил бэлгийн цөөнхийг хүлээн зөвшөөрдөггүй, “гаж” гэж боддог хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?

Маш их зүйлийг хэлмээр байдаг. Бусад газраас ийм төрлийн ярилцлага унших, сонсоход ихэвчлэн олонд танигдсан, гэр бүл нь маш гоёор хүлээж авсан, одоо хамт амьдардаг эсвэл ээжтэйгээ найзууд болсон гэхчлэн сайхан түүхтэй хүмүүс ордог.

Гэвч хүний эцэг эх яаж л бол яаж хүлээж авч болно шүү дээ. Байж болох хамгийн муухай үр дагаврыг ч хүлээж авахад бэлэн байж, сэтгэлийн хаттай байхыг хүсэж байна.

Би өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болоод яг нэг жил болж байна. Энэ хугацаанд би амьдралдаа байгаагүй их аз жаргалтай байж, намайг дэмжиж, ойлгох олон дотны найзуудтай болсон. Хэдий гэр бүл чухал ч гэсэн намайг гэр бүлээс минь илүү хайрлаж чадах найзуудтай болсондоо өөрийгөө азтайд тооцдог. Амьдралд түшиг тулгуур болох, сайн нөхөд үргэлж байдаг юм шүү. Гол нь зөв хүрээлэл үүсгэвэл үнэхээр хаана ч алдахгүй.

Нийгэм аль ч үед биднийг гадуурхсаар ирсэн. Би өмнөх болсон зүйлсээсээ болоод элдэв үгийг тоохгүй хатуу сэтгэлтэй болсон байж болох ч 14, 15 тай өөрийгөө ч ойлгохгүй байгаа жоохон хүүхдүүдэд дэндүү хатуу үг хэлэх хэрэггүй байх гэж бодож байна.

Би бол бэлгийн цөөнхийн нэгээхэн төлөөлөл. Хэдий трансжендэр эрчүүд, эмэгтэйчүүд болон лесбиян эмэгтэй хүмүүсийг бүгдийг нь төлөөлж чадахгүй ч гей гэх нэр томьёо аль хэдий нь манай нийгэмд хэрэглэгдэх болсон учир бидний талаарх бодлоо зөвөөр илэрхийлээсэй гэж хүсэж байна. Ялгаварлан гадуурхалт, буруу үзэл сурталгүй гэгээлэг нийгэм бий болно гэдэгт итгэлтэй байна.

Та гей гэдэгтээ харамсаж байсан удаа бий юу?

Одоо л би өөрийгөө ижил хүйсийн хүнд татагддаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч надаас өмнө нь “чи гей болох уу” гэж асуусан бол “хэзээ ч болохгүй” гэж хариулах байсан. Би хүслээрээ ийм болоогүй. Энэ хэзээ ч сонголт байгаагүй. Гэр бүлийнхэндээ гадуурхагдаж, хөөгдөж зовж амьдрахыг хэн ч хүсэхгүй. Хүмүүс энэ их ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс болж амиа егүүтгэх тохиолдол хүртэл бий шүү дээ.