Америк импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулснаар дэлхийн худалдааны дайн өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн юм. Хүчирхэг эдийг засагтай гүрнүүд нэгэндээ тариф ногдуулж буй энэ "дайн"-д Орос, Хятадаас эхлээд Канад, Мексик, Герман зэрэг улсууд нэгдээд байна.

Хятад руу хүчтэй чиглэсэн уг худалдааны дайн Монголын эдийн засаг, валютад хэрхэн нөлөөлөх талаар Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжинтай ярилцлаа.

Америкийн эхлүүлсэн худалдааны дайн Монгол улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?

Америкийн зүгээс татварын бодлого, тарифын чиглэлээр худалдааны маргааныг ялангуяа Хятад улстай өрнүүлээд байна. Энэ эдийн засгийн өвөрмөц үзэгдэл нь дэлхийн эдийн засгийн чиг хандлагыг нэлээд өөрчилж, үүний урсгал нь Монголын эдийн засагт тодорхой хэмжээний өөрчлөлт үзүүлж байна. Жишээ нь, Монгол улсын гол түүхий эдийн нэг болох зэсийн үнэ бага зэрэг буурлаа. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад зэсийн үнэ хүчтэй нэмэгдсэн ч, нэгдүгээр сараас хойш 10 орчим хувиар буурсан. Хэдий нүүрс болон бусад бүтээгдэхүүний үнэ тогтвортой хадгалагдаж байгаа ч зэст тариф тогтоонгуут зэсийн үнэд нөлөөлж, манайх руу орж ирэх валютын урсгал буурч байна. Нөгөөтээгүүр, Холбооны нөөцийн банкны Мөнгөний бодлого чангарснаар олон улсад долларын ханшийг нэмэгдүүлж байгаа нь бусад улсын валютын ханшийг сулруулж байна. Жишээлбэл, Хятадын юанийн ханш ойролцоогоор 5 орчим хувиар, Оросын рубль 10 орчим хувиар суларсан. Дээрх шалтгаанууд Монгол улсын валютын ханшид тодорхой хэмжээгээр, тойруу замаар нөлөөлж байна.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад төгрөгийн ханш долларын эсрэг чангарсан дүр зураг харагдсан. Харин таны хэлдгээр юань, иен долларын эсрэг сулраад байна. Энэ нь төгрөгт эерэг нөлөөтэй байж чадах уу?

Дунд хугацаандаа яривал манайд валютын ханш нэг хэсэг маш их савлаж байсан. Сүүлийн үеийн трендийг харвал он гарсаар төгрөгийн ханш ойролцоогоор 4.5 хувь чангараад байна. Бусад улстай харьцуулахад харьцангуй тогтвортой байна гэж хэлж болно. Гэхдээ юанийн ханш бага зэрэг сулраад ирэхээр Хятадаас худалдан авч буй бүтээгдэхүүний үнэ буурна гэсэн үг. Энэ хэвээр хадгалагдвал худалдан авах сэдэл дунд хугацаанд илүү их төрнө. Тэгэхээр Монголоос гарах валют бүр их нэмэгдэнэ. Иймд Хятадаас илүү их бараа худалдан авах нөлөө үзэгдэж болно гэж харж байна.

Судлаачид уг худалдааны дайн 20 гаруй жил үргэлжлэх магадлалтай гэж үзэж байна. Монголбанкны зүгээс үүнтэй холбоотойгоор ирэх оны бодлоготоо ямар нэгэн өөрчлөлт хийсэн үү?

Одоогоор бодлоготоо өөрчлөлт оруулсан зүйл байхгүй. Монголбанкны зүгээс уг худалдааны маргааныг анхааралтай ажиглаж, өөрийн судалгаа шинжилгээ, төсөөлөл дээр ашиглаж байна.Тэгэхээр шууд Монголбанкнаас мөнгөний бодлогын хэрэгслээ ашиглахаас илүү өөрийнхөө төсөөлөл дээр тусгаж байгаа.

Зарим эдийн засагчид худалдааны дайныг Монголчууд зөв ашиглаж чадвал бидэнд ашигтай байж чадна гэж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

Хятадын эдийн засгийн реформыг хийсэн, Хятадын төв банкны ерөнхийлөгч асан Чжоу Сяочуань хэлэхдээ, худалдааны дайн Хятадад огцом нөлөө үзүүлэхгүй, ойролцоогоор 0.5 хувийн эдийн засгийн өсөлтийн нөлөө үзүүлнэ, үүнийг Хятад зохицуулж чадна. Хэдийгээр эрсдэл байж болох ч, зөв ашиглаж чадвал Хятад өөрийнхөө байр суурийг томруулах боломж байна гэж хэлсэн. Үүнтэй адилаар Монгол улсын хувьд ч гэсэн өөрөө хоёр том гүрний дунд оршдог, худалдааны том урсгалын дунд байдаг учраас уг урсгалыг зөв ашиглаж чадвал ашигтай байх боломжтой. Жишээ нь, худалдааны дайнаас улбаатайгаар Хятад, Оросын харилцаа сайжирч, хоёр улсыг холбосон хийн хоолой Монголоор дайрах хэлэлцээр хийгдлээ. Ийм нөхцөл үүссэн нь Хятад, Оросын дунд оршиж байгаа Монгол улсад том боломж үүсгэж байна гэж харж байна.

Худалдааны дайн дэлхийн эдийн засгийг 90 их наяд доллараар сааруулна гэх таамгийг Английн төв банк гаргасан байна лээ. Ийм төрлийн таамаг, төсөөллийг Монголбанк гаргасан болов уу?

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг Монголбанк өөрийн тооцоо шинжилгээнд ашигладаг. Дэлхийн банк, ОУВС-аас ямар тооцоолол гарч байна, тэр дундаас Монгол улс ямархуу байна гэдгийг харна. Бид мөн Английн төв банкнаас гаргаж буй мэдээллийг ажигладаг. Жишээ нь, Английн төв банкны мөнгөний бодлогын зөвлөл хуралдаад мөнгөний бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргалаа гэдэг нь Монгол улсад тодорхой хэмжээний мессеж өгч байгаа юм. Тэр мессежийг бодлогын төсөөллөө гаргахдаа тодорхой хэмжээнд ашигладаг. Худалдааны дайнтай давхцаад Их Британид Брекситийн үйл явц явагдаж байгаа учраас Английн төв банкны зүгээс эдгээрийг нэгтгээд ийм тооцоолол гаргасан байх. Монголбанкны хувьд олон улсын огцом өөрчлөлт, трендүүдийг тогтмол ажиглаж, өөрийн судалгаа шинжилгээнд байнга ашиглаж байгаа.

Худалдааны дайны улмаас арилжааны банкууд нөөцөө валют руу хөрвүүлэх эрсдэлтэй, үүнээс шалтгаалаад төгрөг үнэгүйдэх эрсдэл байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна?

Сүүлийн үед төв банкууд валютын нөөцөд анхаарлаа ихээр хандуулж, ялангуяа алт худалдан авалтан дээр маш их анхаарлаа хандуулж байна. Хятадын хувьд хамгийн их валютын нөөцөө алтан дээр хуваарилаад байна. Энэ нь худалдааны дайнаас үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой. Монгол банкны хувьд ч гэсэн гадаад валютын нөөцөө ихээхэн нэмэгдүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2011 онд гадаад валютын нөөц ойролцоогоор 12 сарын импортын хэрэгцээг хангах ёстой гэх зөвлөмж гаргасан. Харамсалтай нь уг зөвлөмж хэрэгжиж байсан удаагүй. Энэ нь ойролцоогоор 6-6.5 тэрбум ам долларын нөөц гэсэн үг л дээ. Тэгэхээр гадаад валютын нөөцөө 3 тэрбумаас илүү өсгөх шаардлагатай гэх бодлого баримталж байна. Нөгөө талаас төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төсөл дээр гадаад валютын нөөцөө нэмэх нь заалт оруулж Монголын валютын дархлааг сайжруулах бодлого баримталж байгаа.

Монголбанкнаас чиглэл өгөөгүй үед арилжааны банкууд нөөцөө валют руу шинжүүлэх эрхгүй биз дээ?

Монголбанк арилжааны банкуудад валютын нөөц муу байна гэдгийг шууд хэлэхгүй ч бодлогын арга хэрэгслээр нөлөөлдөг. Жишээ нь, өнгөрсөн гуравдугаар сард болсон Мөнгөний бодлогын хурлаараа Заавал байлгах нөөцийн хэмжээнд төгрөгийн хувьд өөрчлөлт оруулсан. Урд нь төгрөг, долларынх ижил 12 хувь байсныг төгрөгийн хэмжээг 10.5 хувь болгосон. Ингэснээр банкууд төгрөгийн чөлөөт эх үүсвэртэй болж, төгрөгийн эргэлт нэмэгдэж байна. Нөгөө талаас Монголбанкны зүгээс арилжааны банкуудын болон иргэдийн доллар руу хөрөнгөө хөрвүүлэх үзэгдлийг таатайгаар хүлээж авдаггүй. Учир нь хэтэрхий ихээр доллар руу шилжих нь долларын эргэлтийг өсгөнө. Энэ нь ханшийн огцом өөрчлөлтийг бий болгодог юм. Иймд төгрөгийн чадамжийг нэмэгдүүлэхийн тулд долларын хэмжээг 12 хувьд нь барьж байх хэрэгтэй. Төв банкны хувьд Монголбанк валютын нөөцөө нэмэхээр ажилладаг.