Тэрээр УИХ-ын гишүүн М.Энхболд Худалдаа хөгжлийн банкийг хууль бусаар хувьчилж, Д.Эрдэнэбилэгт авч өгөх ажлыг зохион байгуулсан нь үнэн гэж мэдэгдлээ.

Тодруулбал, 2000-2004 оны Засгийн газрын үед манай улс Дэлхийн банк, ОУВС-тай хамтран төсөл хэрэжүүлж, үүний хүрээнд тус банкийг 13 сая доллараар хувьчилсан байна. Гэвч М.Энхболд ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Д.Эрдэнэбилэг, Т.Бадамжунай нартай хуйвалдан хувьчилж авсан компаниас нь мөнгө угаах замаар хууль бусаар хувьчилж авах ажлыг хийсэн гэнэ.

“М.Энхболд над дээр ирээд Худалдаа хөгжлийн банкнаас хувь авахыг санал болгож байсан нь үнэн. Үүнийг хэлэхээр намайг цагдаад хэлж байцаалт авах арга хэмжээ авч, барина хорино зэргээр дарамталж байна” гэж Н.Энхбаяр хэллээ.

Иймд Худалдаа хөгжлийн банкийг улсад авч, төрийн банк болгох, Эрдэнэтийн 49 болон 51 хувийн асуудал ч цаагуураа “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой учир нэн түрүүнд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийдэх нь чухал байна гэв.

Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг Сингапур руу шилжүүлэх гэсэн оролдлого, 51 хувийн асуудлыг шийдэхгүй удаж байгаа зэрэг нь цаагуураа Эрдэнэтийг 100 хувь луйвардаж авах гэсэн заль мэх, тохироо явагдаж байгаа гэж тэрээр мэдэгдсэн юм.

Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны хувьцааг эзэмшигч гурван гол компани оффшорт бүртгэлтэй ч хэн гэдэг хүний нэр дээр байгаа нь тодорхойгүй гэж МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамьян хэллээ. Иймд эдгээр компаний мэдээллийг ил болгохыг  тус банкнаас шаардсан юм.