Тэд мэдээллийнхээ эхэнд Цэц МАН-ын захиалгаар удаа дараа Хэнтийн нөхөн сонгуулийг зогсоож, ард түмний эрх ашгийг хохироож жүжиг тоглож байна гэлээ. Мөн Цэцээс ирэх сарын 30-нд товлогдоод байсан сонгуулийг түдгэлзүүлсэн шийдвэр нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Тухайлбал, Цэц УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн ч хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн харьяаллын бус, өргөдөл мэдээлэлд дурдагдаагүй нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргасан гэж МАХН мэдэгдлээ.

“Цэцийн шийдвэр Үндсэн хууль болон ҮХЦ-ийн тухай хуульд бүрэн нийцэж байж хүчин төгөлдөр болдог. ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх хуульд өөрийн харьяаллын биш асуудлаар маргаан шийдвэрлэхийг татгалзана гэж заасан ч өчигдрийн нөхөн сонгуультай холбоотой шийдвэр эдгээрийг бүгдийг нь зөрчсөн” гэж МАХН-ын гишүүн Л.Мөнхсайхан хэллээ.

Харин МАН-ын дарга С.Энхбаяр “Цэцийн шийдвэр шинэ МАНАН үүссэнийг батлан харууллаа. Үндсэн хуульд ард түмэн төлөөллөөрөө дамжин төрийн эрхэнд шууд оролцохоос гадна УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. Цэцийн яриад буй тэр онолоор ард түмний сонгох эрх номер нэгт байх ёстой ч МАН-ын захиалгаар ард түмнийг, Хэнтийчүүдийг хүчиндэж байна” гэсэн юм.

МАХН-ын зүгээс МАН дарангуйллаа тогтоохын тулд нөхөн сонгууль явуулахаас айж байна гэсэн бөгөөд дампуурчихсан Үндсэн хууль, тэднийг тайлбарлаж, хэрэглэж буй Цэц, хууль шүүхийн байгууллагыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэлээ.

Өчигдөр Цэцийн хуралдаанаар Хэнтийн нөхөн сонгуулийг хуульд заасан хугацаанаас өмнө товлосон, сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс бус төсвөөс гаргах ёстой гэж үзэн түдгэлзүүлж, Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, хуульд нийцүүлэх дүгнэлт гаргасан юм.