МУ-ын экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, 2000 оны МАН-ын үнэмлэхүй түүхэн ялалтын эзэн, Их өрийг тэглэсэн “баатар”, 100 эрхмийн нэг, авлигын загалмайлсан эцэг, шоронгийн ялтан, төрийн ажилтан руу салаавч гаргагч, төрсөн дүү болон туслах нь Интерполоор сурвалжлагдаж буй зэрэг олон тодотголын эзэн Намбарын Энхбаяр Их хуралд сонгогдвол юу болох вэ?

Таамаглалуудыг толилуулъя.

2021 оны Монгол улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр

Хэрэв Н.Энхбаяр 76-ын нэг болбол 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь автоматаар нээгдэнэ. Тэр үед АТГ, Шүүх, Прокурор, ТЕГ, ЦЕГ хүч хавсраад ч Их хурлын гишүүний бүрэн эрхэд халдах боломжгүй байх юм.

Парламентын 2012 оны сонгуульд намайг нэр дэвшүүлэхгүйн тулд баривчилж, хилсээр ял оноолоо хэмээн Н.Энхбаяр гадны хэвлэлүүдэд ярьсан байдаг. Дараа нь 2016 оны их хурлын болон 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэхэд нь түүний “ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх шалтгаанаар мөн л өрсөлдүүлээгүй.  

Өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвшсэн бол  С.Ганбаатараас өндөр санал авах байсан нь хэнд ч ойлгомжтой. ‘Энколд даргаа, та санал хуваах гэж орсон юм биш үү’ гэх онигоо хүртэл гарсны учир нь Н.Энхбаярын сойсон С.Ганбаатар 409 мянга гаруй хүний санал авч, аядуу зөөлөн даргыг ч, одоогийн еөкийг ч сандаргаад авсан.

2021 онд түүнтэй АН-аас Х.Баттулга, харин МАН-аас Ц.Нямдорж үзэх магадлалтай. У.Хүрэлсүхийн хувьд магадлалтай ч 20 оны сонгуульд намаа ялуулах нь юу л бол. Ерөнхийлөгч болсноос хойш рейтинг нь эрчимтэй шааригдаж буй Х.Баттулга, Эрдэнэт 49 гэж хашгирч хашгирч сайд болчихоод яаж ч чадахгүй байгаа Ц.Нямдорж, авилгын хэргээр шийтгэгдээд шоронгоос Монте Кристогийн дүрээр эргэн ирсэн Н.Энхбаярыг ялах нь юу л бол.  

2020 оны Их хуралд МАХН-ын суудлын тоо хамгийн багадаа 10-т хүрнэ

Улс төрийн хамгийн сүүлийн үеийн судалгаагаар МАН, АН-ын нэр хүнд 15-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, 2016 оны 6 сард МАН-ын рейтинг иргэдийн дунд 46 хувьтай байсан бол 2018 оны 7 сар гэхэд 16 хувьд хүртлээ буурсан байна. АН-ын рейтинг 2016 оны мөн үед 35 хувь байсан бол 20 болжээ.

Эсрэгээрээ МАХН-ын нэр хүнд иргэдийн дунд аажмаар нэмэгдэх хандлагатай буюу 8 хувиас 12 болж өссөн байна. Мөн гуравдагч хүчинд итгэхийг хүссэн сонгогчид бүх намуудын нийлбэр рейтингээс өндөр болжээ.

Үүнтэй зэрэгцээд, судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь МАНАН бүлэглэл бий гэдэгт, Н. Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэдэгт итгэж байна. Энэ бүгдийг нэгтгэвэл 2020 оны сонгуульд МАХН дангаараа хамгийн багадаа 10 тойрогт ялалт байгуулах, гуравдагч хүчний нэгдсэн эвсэл болж орвол Намбарын хүү улс төрд 17-20 суудалтай эргэн ирэх нь тодорхой байна.

Шоронгийн хоригдол байхдаа Сангийн сайд томилж байсан тэрбээр Их Хурлын гишүүн болвол бүдэг 76 дотор тод гэрэл, гол тоглогч байх нь хэнд ч ойлгомжтой.

МАН-д гомдсон гишүүд нь МАХН руу нүүнэ

Шударга ёсны төлөө амь хайрлахгүй тэмцнэ гэсэн У.Хүрэлсүх бүлгээ 32, 32 болгож хуваасан. Сонгогдохгүй нь тодорхой, салхиар орж ирсэн олон гишүүд МАН-д бий. Тэднийг гомдоовол МАХН руу нүүх нь хялбар математик.

Монте Кристо гүн

Парламентын 2020 оны сонгуульд нөлөөгөө тогтоосон Н. Энхбаяр болон түүний баг АН-тай эвсэх магадлал өндөр. Яагаад гэвэл түүнд том зорилго бий. Энэ бол өшөө авах.

Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойд хүрэхийнх нь өмнө нийлж унагасан МАНАН-ийн удирдагчдаас өшөө авах зорилго нь 60 гарсан түүнийг гүйлтийн тэмцээнд түрүүлтэл эрүүл бөгөөд эрч хүчтэй байлгадаг гэхэд хилсдэхгүй биз.

Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд, Сү.Батболд, Х.Баттулга, У.Хүрэлсүх нар түүний улс төрийг ч, амьдралыг ч авсан. Тиймээс тэр 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод Монте Кристо гүнгийн дүрээр Монголын түүхэнд ахин морилно. Нэг талаасаа энэ цэвэрлэгээ ч байж болох...