Сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны аварга МУГТ Н.Төгсцогт эх орондоо ирээд байна. Тэрээр хэвлэлийн бага хурал хийж, мэргэжлийн боксын дараагийн тулааны тов болон зарим асуудлаар мэдээлэл өглөө.

Н.Төгсцогт сонирхогчдын боксоос мэргэжлийн боксын рингенд гарч 11 тулаан хийж бүгдэд нь ялалт байгуулаад байгаа юм. Хамгийн сүүлд буюу нэгдүгээр сард Домиканы боксчин Клаудиа Марреротой тулалдан ялснаар IBO холбооны  57,2 кг-ын бүсийн эзэн болсон.

Н.Төгсцогт дараагийн тулаан нь ирэх наймдугаар сарын гурванд IBO холбооны бүсээ хамгаалах тулаан байсан ч  түүнийг Монголд ирсний дараахан Н.Төгсцогтийг WBC холбооны аваргын төлөө тулалдуулах шийдвэрийг WBC холбооноос гаргасан гэдгийг тэрээр мэдэгдлээ.

Тэгэхээр түүний энэ удаагийн өрсөлдөгч нь WBC холбооны аваргын бүсийг эзэмшигч Америк улсын тамирчин Гэри Рассел байх юм. Холбооны зүгээс уг хоёр тамирчныг тулалдуулах төлөвлөгөөг өмнө нь гаргаад байсан ч Гэри Рассел хариу өгөөгүй улмаас цуцлагдаад байсан юм.

Харин энэ удаад Гэри Рассел тулаанаас зугтвал түүний WBC холбооны бүсийг Н.Төгсцогтод шилжүүлэх эсвэл уг бүсийн төлөө манай тамирчныг өөр хүнтэй тулалдуулах нөхцөлтэй гэрээ байгуулжээ.

Хэрэв тулааны саналыг нөгөө талаас зөвшөөрвөл Н.Төгсцогт Гэри Рассел хоёрын тулаан есдүгээр сард болох гэнэ. Одоогоор тулааны тов яг хэдийд гэдэг нь албан ёсоор батлагдаагүй ч Н.Төгсцогт 12 тулаанаа ирэх найм, есдүгээр сарын аль нэгэнд хийхээр болжээ.

Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд “Би бүх холбооны бүсийг авчихаад эх орондоо ирнэ. Аварга гэж дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдмөөр байна” гэсэн юм.

Дашрамд дурдахад, түүний 12 дахь өрсөлдөгчөөр нэрлэгдээд буй Гэри Рассел нь 31 тулаан хийж 30 ялалт, нэг ялагдал хүлээсэн бөгөөд WBC-ын аваргын бүсээ дөрвөн ч удаа хамгаалсан байна.