БСШУСЯ-ны захиалгаар баригдаж буй Өлзийт хорооллын 165-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл, чанар аюулгүй байдалд НМХГ-аас шалгалт хийлээ. 

Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн учир улсын байцаагчийн актаар барилга угсралтыг түр зогсоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээг авчээ. Өлзийт хорооллын 165-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь 240 хүүхдийн багтаамжтай ба улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны зургадугаар сараас барилгын ажил нь эхэлсэн байна. 

Төлөвлөгөө ёсоор цэцэрлэгийн өргөтгөл наймдугаар сард ашиглалтад орох ёстой ч баригдаж байхдаа хагарч цуурсан, зарим хана нурсан зөрчил илэрчээ.

Тодруулбал, барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн, барилгын орой хэсгээр арматурын хормутууд ил гарсан, технологийн алдаа, шатны алхам алдаатай цутгагдсан, хөнгөн блокийг бэхэлгээгүй өрсөн, тэнхлэг алдсан байжээ. Мөн каркасын ажлыг норм дүрмийн дагуу гүйцэтгээгүй, зураг төсөл зөрчсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн байна. 

Иймд илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор ШУТИС-ийн дэргэдэх Реконстракшн ХХК-иар төмөр бетоны бат бэх байдлыг шалгуулж, хүчитгэлийн ажлын зураг төслийг боловсруулжээ. БСШУСЯ-аас барилгын ажлыг үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу хүчитгэлийн ажлыг эхлүүлсэн байна.