Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул Налайх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг нэмэгдүүллээ.

Түр замаар Налайх-Офицеруудын ордон чиглэлд зургаан их багтаамжийн, 14 дунд багтаамжийн автобусаар 06:20-23:17 цагийн хооронд найман минут тутамд үйлчилгээ хүргэх зохицуулалтыг хийгээд байна.

Дээрх өөрчлөлттэй холбогдуулж Налайх-Төв аймаг-120 мянгат чиглэлийн үйлчилгээг зогсоож, мөн ХО:11 Хонхор-Офицеруудын ордон чиглэлд хоёр, Ч:12 Ургах наран-Офицеруудын ордон чиглэлд гурван дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Сануулахад, Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор ХО:5 Налайх-Офицеруудын ордон чиглэлд дунд багтаамжийн 14 автобус 10-11 минут тутамд, Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар Налайх-Төв аймаг-120 мянгат чиглэлд их багтаамжийн зургаан автобус 26 минут тутамд иргэдэд үйлчилж байна.