Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Замын ажлын явцтай хотын дарга С.Амарсайхан газар дээр нь танилцлаа.

Сүүлийн үед үргэлжлэн орсон борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө найман хувиар хоцорч байна. Тус замд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийж, машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэгийг хийсэн ба үлдсэн хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

Замын асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөсөн байна. Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Тэгшплант ХХК, Гашууны гол ХХК, Дарданговь ХХК гэсэн Монголын гурван компани ажиллаж байгаа юм.

Хотын дарга Синохидро болон Дарданговь компаниудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа тул арга хэмжээ авч, ажлаа түргэвчилж төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөхийг үүрэгдлээ. 

Мөн зам ашиглалтад ортол түр замын асуудалд анхаарч, замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийн иргэдийг аюулгүй зорчих тал дээр анхаарахыг сануулсан юм. 

Үүнээс гадна Хотын дарга Налайх дүүргийн 63-р байрнаас Мянганы зам хүртэлх 1.7 км зам, Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр баригдаж буй Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэлх 4.67 км замын ажилтай танилцжээ. 

Одоогоор Мянганы зам хүртэлх 1.7 км зам ашиглалтад ороход бэлэн болсон бол барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн зам төлөвлөгөөний дагуу явагдаж байна.