Намрын чуулганы хугацаанд УИХ болон байнгын, дэд, түр хороодын бүрэн эрхийнхээ хүрээнд хэрхэн ажиллаж, хэчнээн хууль тогтоолууд баталсан талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэе.

Намрын чуулганы хугацаанд УИХ 31, байнгын, дэд, түр хороод 92 удаа хуралдаж, бие даасан тав, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй тооцох тухай хууль гурав нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол баталсан байна. Мөн Засгийн газрын 26 гишүүн 77 асуудлаар 15 удаагийн асуулга, нэг асуулт тавьжээ.

Гэвч энэ нь хангалттай үзүүлэлт биш бөгөөд 2016 онд намрын чуулган 85 удаа хуралдаж, бие даасан 22 хууль, 190 хуулийн нэмэлт өөрчлөлт баталж байжээ. Харин 2017 онд 93 удаа хуралдаж, бие даасан 18 хууль, 95 хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан байна.

Гэтэл эрх баригч намын хагарал, УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулах 40 гаруй гишүүний бойкотоос үүдэн сар гаруй хугацаанд хуралдаагүй юм.