Сүүлийн хагас сар шахуу нийгэм, улс төр эрх баригч намын зодооноор амьсгаллаа. Монголын төрд ийнхүү намын зодоон гарч ирсэн нь өнөөгийн улс төрд намын эрх ашиг шургалсных гэж үзэх хүн олон байгаа юм. Энэ ч утгаараа “Улс төрд мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн найз гэж байхгүй. Харин мөнхийн эрх ашиг л гэж байдаг” хэмээн Их Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилль хэлсэн байдаг. Тиймээс улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Улс төрийн ухааны доктор Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

Эх баригч намын хагарал засгаа хоёр дахь удаагаа унагаах хэмжээнд хүрч ширүүслээ. Ер нь та энэ улс төрийн тогтворгүй байдлыг ямар өнцгөөс харж байна?

Улс төрийн намуудын арчаагүй байдал, дотоод ардчилалгүй, үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой. Эрх мэдэлд хүрэхийн тулд намуудыг олигархууд эзэлсэн. Үр дүнд нь үнэт зүйл, үзэл баримтлалгүй улс төрийн намууд дотор байгаа улс төрчид гэж өөрсдийгөө зарлаад буй олигархуудын бодлого, байр суурь, эрх мэдлийн төлөөх л өрсөлдөөн. Ардчилсан улс оронд улс төрийн намууд нь илүү хариуцлага хүлээдэг, эмх цэгцтэй, зохион байгуулалтай байж, нийгэмд үүргээ гүйцэтгэдэг. Энэ үүргээ манайд байгаа намууд гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотойгоор намуудын дотоод зодоон төрд гарч ирж байна.

Зарим нэг нь үүнийг иргэдийн шударга ёсны хүсэмжлэл дээр гарч ирсэн гэдэг юм уу, улс төрд бугласан идээ бээр илэрч байна гэх зэргээр эерэг байр сууриас хандах нь байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

Нийгэмд энэ буглаа, идээ бээр нь ил гарч байгаа нь сайн хэрэг. Ахиад ч цаашаа ухвал олон зүйл гарч ирэх байх, энэ утгаараа бол зөв. Өмнө нь бид мянган удаа ардчилал, үнэт зүйлийн тухай, намын тухай хуулийг солиод өгөөч, намуудад хариуцлага тооцъё, ардчилалтай байлгая, намын санхүүжилтийг ил тод болгоё гэж орилдог ч, хэн ч үүнийг дэмждэггүй, бодлогын түвшинд үүнийг өөрчлөх оролдох санаачлагууд байдаггүй байсан.

Улс төрийн намууд хаалттай байсны гор одоо гарч байна. Гэхдээ нөгөө талдаа үүнийг муухай харагдуулж байгаа нэг зүйл байгаа. Зөвхөн хувийн эрх ашиг, өөрийнхөө хүсэл эрмэлзлийг иргэдэд нялзаах зорилготой, популист улс төрчдийн хийж буй алхам төрийг үнэхээр туйлдуулж байна.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч энэ хүмүүс бол улс орны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн тухай түрүүлж бодох ёстой. Гэтэл бүгдээрээ нийгмийг талцуулж, турхираад, парламентыг үнэгүйдүүлж, засаглалын тогтолцоонд эргэлзэх түвшинд аваачиж байгаа нь бүгд хариуцлага хүлээх түвшинд очих ёстой. Энэ бол ёс зүйгүй улс төрчдөөр улс төр дүүрчихсэн байгаагийн илрэл.

Иргэдийн сайн сайхны төлөө, өөрийгөө баатар болгож, өөртөө оноо авах гэсэн хүмүүс харагдаад байна. Энэ нь улс төрийн бодлогогүй байгаагийн шинж. Намууд дотроо засаглалын тухай нэг ойлголт, нэг үзэл баримтлалтай бол, парламентын засаглалыг бэхжүүлэхийн төлөөх хүмүүсийг нам дотроо бэлтгэсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан.

Хоёрдугаарт, МАН дотоод ардчилалтай байсан бол нам дотроо ингээд хоёр тал болж төрийн эрх мэдлийг булаацалдаад бие биенээ бойкотлоод суухгүй байсан байх. Улс төрийн намууд иргэдэд өөрсдийнхөө мандатыг санал болгоод тэр санал дээр тулгуурлаж сонгогддог хүмүүс. Бидний сонгосон Бүгд найрамдах засаглал гэдэг намгүйгээр оршин тогтнох боломжгүй.Төрд очиж ялсан нь улс төрийн бодлогыг хэрэгжүүлдэг ийм л тогтолцоо. Харин манай улс төрийн намууд сахилга бат, хариуцлагагүй, олигархуудад санхүүжүүлэгдээд бүгдээрээ базагдчихсан.

Улс төрийн намууд ялзарчихлаа. Цаашид тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгчөөс авахуулаад цухуйлгах боллоо. Тогтолцооны шинэчлэл хэрэгтэй юу?

Би дахиад ч хэлье энэ бол засаглалын тогтолцоог өөрчлөх тухай асуудал биш. Мянган гоё засаглалын тогтолцоотой, мянга сайхан Үндсэн хуультай байсан ч энэ бол намуудаар засагладаг тогтолцоо. Намууд сахилга бат, дотоод ардчилалгүй байгаа цагт ямар ч гоё Үндсэн хууль, засаглалын тогтолцоо ажиллахгүй.

Дэлхийн бүх улсад намууд олонхын дэмжлэг авсан нь засгаа тодорхойлж, бодлогоо хэрэгжүүлдэг. Улс төрийн энэ тавцан дээр гол тоглогч нь нам. Намгүй улс орнууд цөөхөн байдаг. Тэд бол шашны мелиоризм байхгүй, нэг шашин давамгайлчихсан, тэр нь төрийн эрх мэдлийг тодорхойлдог эсвэл хүн ам дэндүү цөөхөн жижигхэн улсад л нам байхгүй. Бид улс төрийн намуудыг эрүүлжүүлэхгүйгээр ямар ч засаглалын тогтолцоо явахгүй гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй.

Тэгвэл намуудыг яаж эрүүлжүүлэх вэ? Өнөөгийн байдлаас харахад нэлээдгүй хүнд байдалд орчихлоо.

Сүүлийн арваад жил Намын тухай хуулийг өөрчлөх ёстой гэж ярьж байна. Энэ асуудлыг УИХ-д оруулахаар гишүүд нь дэмждэггүй. Намуудыг аль болох сахилга бат, төрийн хяналтгүй, хариуцлагагүй, дотоод ардчилалгүй байлгахыг хүсдэг улс төрчид өнөөдөр өөрсдийнхөө горыг амсаж байна. Манай иргэд үүнийг мэддэг боловч энэ хулгайчуудад сонгуулиар худалдагдчихсан, одоо яах вэ гээд хашхираад сууж байна.

Сонгуулиар саналаа өгөхдөө л бид бодох ёстой байхгүй юу. Бидний санал ямар хариуцлагатай вэ гэдгийг. Сонгуулийн тухай хуульд намууд болон нэр дэвшигчид санал худалдаж авахыг хориглосон заалттай. Гэвч сонгуулиар үүнийг хэн нь ч хэрэгсэхгүй байна. Бүгдээрээ мөнгө тараагаад улаан цайм гарч ирж байна. Энэ зүгээр л улс төрийн намууд бизнесийнхэн, олигархуудад эзлэгдэж, тэд дотоод ардчилалгүй механизмаар нь дамжуулж намыг удирдаж байна.

Таны хэлсэнчлэн ард түмэн төлөөлөн удирдах засаглалыг сонгосон. Гэвч сонгууль өгөхөөс өөрөөр иргэд үүнд хяналт тавих, оролцох механизм сул байна. Үүнийг бэхжүүлэхийн тул яах ёстой вэ?

Миний харж байгаагаар улс төрийн засаглал тэгтлээ дампууралд орсон гэж харахгүй байна. Яахав долдугаар сарын нэгэнд манайхан нэг тийм шок амссан. Харин өнөөдөр улс төрчид энэ хэрүүл, талцлаас болж дахиад иймэрхүү шок хүртэж байх шиг байна. Энэ бол либерал ардчилсан бүх улс оронд тулгардаг байдаг л сорилт. Харин эндээс сургамж авч, цаашид яаж ажиллах вэ гэдгээ л зөв тооцоолоод олонхоороо шийдвэр гаргаад явах хэрэгтэй. Харин үүнийгээ шийдэж чадахгүй дампуурвал юун ардчилал үнэхээр харамсалтай.

Ардчиллыг бид өнгөрсөн 28 жилд үнэт зүйлийн хувьд бэхжүүлж чадсан ч тунхаглаж ярихаас өөрөөр амьдрал дээр хэрэглэж чадахгүй байна. Гэхдээ иргэд тийм ч яадгаа алдчихсан арчаагүй биш. Нийгэмд эсэргүүцэл хөдөлгөөн ялангуяа сошиал ертөнцөд маш хүчтэй байна. Энэ чинь улс төрчдийг айдаст автуулж л байгаа. Энэ талаасаа бол нийгэм сайн шахалт үзүүлж чадаж байна. Харин иргэд маань хэр эвлэлдэн нэгдэж цаашаа явахаас их шалтгаалах байх. Одоохондоо яадгаа алдчихсан зүйл аль алинд нь алга, бид сорилтын дунд л байна. Үүнийг яаж даван туулах нь биднээс л шалтгаална.

Эрх баригч намын хагарал цаашид гүнзгийрэх болов уу, эсвэл ингэсгээд намжих болов уу?

Хэр хурдан цэгцрэх үү гэдэг нь өөрсдийнх нь асуудал. Ингээд байж байвал 2020 оны сонгууль ойртож байна. Яахав өөрсдийнх нь асуудал гээд орхиж болохгүй. Бид нарын хоолтой давхар яригдаж байгаа учир санаа зовж байгаа байх гэж харж байна. Гэхдээ институтынхаа талаасаа бол өөрсдөө асуудлаа яаралтай шийдээд явах ёстой. Чадахгүй бол тарна л биз.

Энэ дүйвээнийг ашиглаад намуудын тоглоомын дүрмийг өөрчлөх боломж гарч ирж байна гэж харагдаж байна?

Одоо эд нар өөрсдөө хүсэх ёстой. Дээр нь бид шахах хэрэгтэй. Судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, парламентын гаднах намууд бүгдээрээ хуулиа, тоглоомын дүрмээ өөрчилье, улс төрийн намын санхүүжилтийг эрүүл болгоё, үүрэгжүүлье, сонгуулийн хуулиа үүнтэйгээ уялдуулъя гэж хэлэх ёстой. Сонгуулийн мажоритар тогтолцоо биднийг 28 жилийн дараа ийм нүх рүү шидчихлээ.

Хуваах, идэх, баян байвал сонгож, бодлого яривал сонгогддоггүй энэ тогтолцооноосоо татгалзаж үндэсний хэмжээний бодлогын төлөө явах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн үр дүнд байгуулагдсан үе үеийн парламентууд улсын төсвийг яаж тойрогтоо хуваах вэ гэж л санаа зовж байсан. Ийм улс төр, ийм улс орон байх ёсгүй. Энэ утгаараа Сонгуулийн тухай, Намын тухай хуулиа энэ цаг мөчид ойлгож байгаа байх. Өөрчлөх ч ёстой. Ерөөсөө ардчиллын уналт сэргэлт улс төрийн намуудаасаа шууд хамааралтай. Бидний сонгосон тогтолцоо ийм.