Нийслэлтийн хог хаягдлын менежментийг сайжруулах зорилтын хүрээнд Нарангийн энгэр, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг 2020 оноос эхлэн хэсэгчлэн хааж, нөхөн сэргээлт хийхээр боллоо.

Одоогоор нөхөн сэргээлт хийх бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. НИТХ-аас 2017 оны тогтоолоор 2017-2020 онд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг баталсан юм. 

Уг хөтөлбөрийн дөрөвдүгээр зорилтын хүрээнд дээрх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн ба энэхүү нөхөн сэргээлтийг Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг боловсруулж гаргасан бордоог ашиглаж хийхээр төлөвлөжээ.

Энэ хүрээнд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас БХБЯ, лагийг бордоо болгох төсөл хэрэгжүүлэгч Эко тайхи ХХК, Нийслэлийн Байгаль орчны газартай хамтарсан уулзалтыг хийлээ.

Лагийг үнэргүйжүүлж бордоо болгох төслийг өнгөрсөн оноос эхлэн Засгийн газраас Барилга, хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал өнгөрсөн онд боловсруулсан 310.0 мянган м.куб лаг нь 2020 оны хавар бүрэн боловсорч бордоо болон нөхөн сэргээлтийн ажилд ашиглах бүрэн боломжтой болно.

Дашрамд дурдахад, нийслэлд жилд дунджаар нийт 1038040.70 тн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдал гардаг байна.