Энэтхэгийн гадаад хэргийн яам, Ажиглалт судалгааны сантай хамтран Райсина Диалог -2019 олон улсын хурлыг энэ сарын 8-10 өдрүүдэд Шинэ Дели хотод дөрөв дэх удаа зохион байгууллаа.

Энэ удаагийн хурал “Олон улсын харилцаанд бий болж буй шинэ дэг журам, үүссэн шинэ  нөхцөл байдал, уян хатан түншлэл, тодорхой бус үр дүн” гэх сэдвийн дор явагдаж, 40 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг өрнүүлсэн ба дэлхийн 93 орныг төлөөлж 600 гаруй  төлөөлөгч, 1500 орчим зочид оролцсон байна.

Уг хуралд манай улсыг төлөөлөн гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, нээлтийн үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. Тэрээр ерөнхий сайдын мэндчилгээг Модид уламжлан, 2015 оны тавдугаар сард Монголд хийсэн айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал болсныг онцолсон байна.

Мөн Энэтхэгийн гадаад хэргийн сайд Сушма Свараж нарын албаныхантай уулзан нарны эрчим хүч, ухаалаг технологийг барилгын салбарт ашиглах туршилтын төслийг хэрэгжүүлэх талаар ярьж тохирчээ.

Үүнээс гадна манай улсад газрын тосны үйлдвэр барихаар ажиллаж буй “Инженерс Индиа Лимитэд” компаний удирдлагуудтай зарим асуудлаар санал солилцсон байна.

Сонирхуулбал, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр нь 2022 онд ашиглалтад орох ба одоогийн байдлаар хүнд даацын тусгай зориулалтын 17.5 км замын ажил 35 хувь, авто болон төмөр замын 3.7 км холбоос гүүр 50 хувь, төмөр замын 27 км далан, хиймэл байгууламжийн ажлын явц 65 хувьтай байна.

Уг үйлдвэрийг Энэтхэгийн нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа ба санхүүжилтийн өртгөө эхний 10 жилд бүрэн нөхнө гэж тооцоолжээ.