Бразилын эмч нар 2016 онд төрөлхийн савгүй, 32 настай эмэгтэйд нас барсан донорын савыг шилжүүлэн суулгасан юм. Энэхүү 10 цагийн турш үргэлжилсэн хагалгааны ачаар бүсгүй 2.7 кг эрүүл саруул охин төрүүлжээ.

Өвчтөн эмэгтэй 4500 хүнд нэг тохиолддог бэлэг эрхтэн, савны дутуу хөгжлийн өвчтэй байсан бол донор эмэгтэй тархины дотуур цус алдалтын улмаас 40-өөд насандаа хорвоог орхисон байна.

Эмч нар донорын өндгөн эсийг эцгийн эр эстэй нийлүүлж хөлдөөсөн бөгөөд өвчтөнд дархлалын системийг нь сулруулах эм өгч донорын эрхтэнг эсэргүүцэх чадварыг бууруулжээ.

Хагалгаанаас 40 гаруй хоногийн дараа өвчтөний сарын тэмдэг ирсэн бөгөөд эмч нар зургаан сарын дараа үр тогтсон өндгөн эсийг биед нь суулгасан байна.

Энэ нь нас барсан донороос сав шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон анхны тохиолдол юм. Ийм төрлийн хагалгаа өмнө нь 10 удаа хийгдэж байснаас бүгд бүтэлгүйтэж үр зулбасан байна. Харин амьд донороос сав шилжүүлэн суулгах 39 мэс заслын дүнд 11 хүүхэд мэндэлжээ.

Савны амьд донор олоход хэцүү бөгөөд голдуу гэр бүлийн гишүүд, найзууд бие биедээ донор болдог байна. Харин нас барсан донороос сав шилжүүлэн суулгах нь үнэ өртгийн хувьд хямд төдийгүй донорын олдцыг нэмэгдүүлэх, аливаа эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэдгийг Лондоны Эзэн хааны коллежийн доктор Сржан Сасо хэлсэн юм.

Эх сурвалж: BBC, Independent