Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд О.Насанбурмаа мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү манай улс чөлөөт бөхийн ДАШТ-ий 60 медальтай болж байна.

Энэ жил ДАШТ-ний дэвжээнд арав дахь удаагаа зодоглож байгаа О.Насанбурмаа шөвгийн наймд 23 хүртэлх насны ангиллын Европын хошой аварга Туркийн Бусе Тосуныг 7:6-ын харьцаагаар, хагас шигшээд энэ жилийн Красноярскийн Алтан Гранпригийн аварга,  Хятадын Ван Жюанийг цэвэр ялсан байна.

Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий хүрэл медальт, Пан Америкийн гурван удаагийн аварга, Канадын Жюстина Ди Стасиод 2:4-өөр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-д манай улсаас 21 тамирчин оролцож байгаа ба тэмцээн өнөөдөр өндөрлөнө.