ЭМЯ-ны хийсэн тандалт судалгаагаар манай улсын насанд хүрэгчдийн тал хувь нь илүүдэл жинтэй байгаа ба сүүлийн үед энэ нь залуужиж бага насны хүүхдүүд ч илүүдэл жинтэй болох тохиолдол ихэсчээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь хэрэглэж буй хоол хүнсэнд дэх амин дэм дутагдсанаас хүүхдүүдийн дунд хөөсөн таргалалт ихэсч байгаатай холбоотой ба таргалалтын суурь шалгаан нь хөдөлгөөний дутагдал гэлээ.

Сүүлийн 20 жилд манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаант өвчлөлийн нэг нь зүрх судасны өвчлөл байсаар иржээ. Өнгөрсөн оны судалгаагаар хавдарт өвчлөлийн эхний тавд зүрх судасны өвчлөл орж 10 мянган хүнд 1145.6 ногдож, нийт нас баралтын 32 хувийг тухайн өвчлөл эзэлсэн байна.

Ялангуяа үүний дотор артерийн даралт ихсэх өвчлөл тэргүүлж буй бөгөөд зүрх судасны өвчлөлтэй хоёр хүн тутмын нэг нь уг өвчнөөр өвдсөн байдаг байна. Харин зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх хамгийн зөв арга тогтмол дасгал хөдөлгөөн хийх гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Ингэхийн тулд та маш энгийнээр өдөрт 10 мянган алхалт хийхэд л хангалттай гэнэ. Алхсанаар цусан дахь сахарын хэмжээ буурч, стрессээс ангижирч, биеийн жинг хэвийн барих, үе мөчний хөдөлгөөн сайжрах зэрэг олон ач холбогдолтой гэлээ.

Иймд иргэд гэр, ажил дээрээ тогтмол хөдөлгөөн хийх орчин бүрдүүлэх, цахилгаан шатнаас татгалзах, хэрэглэдэг зүйлсээ өөрөөсөө холдуулж тавих зэргээр хөдөлгөөний боломжуудыг хангаж, алхалтаа гар утсаны аппликейшн, хэмжих багаж зэргээр хэмжин амьдралдаа хэвшүүлэхийг уриаллаа.