Холимог тулааны хамгийн том UFC холбооны ээлжит тулаан буюу “UFC-227” Лос- Анжелес хотод өнгөрсөн Ням гарагт болж өндөрлөлөө. Ээлжит шоунд таван тулаан явагдсан бөгөөд тэмцээний оргил тулаан нь аваргын бүсийн төлөөх 56, болон 60 кг-ийн тамирчдын дунд явагдлаа.

Хөнгөн жин болох 56 кг-д тус жингийн босоо аварга галзуу хулгана хочит Деметрус Жонсон, Хенри Сежудотой бүсээ хамгаалах тулаан хийсэн юм. Деметрус Жонсон нь 2012 оноос жингийнхээ аваргын бүсийн эзэмшиж байгаа бол Хенри Сежудо нь чөлөөт бөхийн Лондонгийн олимпын аварга болж байсан тамирчин юм. Хоёр тамирчин өмнө нь нэг удаа тулалдахад Деметрус Жонсон түүнийг хүнд цохилтоор ялж байсан удаатай.

Харин энэ удаад Хенри Сежудо даагаа нэхэн түүнтэй таван үеийн турш хүч тэнцүү тулалдаж шүүгчдийн саналаар буулган авснаар тухайн жингийнхээ шинэ аварга болсон юм. Түүнчлэн анхны олимпын алтан медальтай UFC-ийн аварга болж байна.

Тэмцээний дараагийн гол тулаан болох 60 кг-д мөнхийн өрсөлдөгчид болох ТЖ Диллашоу болон Коди Гарбрандт нарын дунд явагдсан юм. Нэгэн цагт нэг багт харьяалагдаж анд нөхөр явсан тэдний харилцаа тулааны талбарт ч, талбайн гадна ч хонь чоно мэт болж хувирсан юм.

Уг хоёр тамирчин өмнө нь мөн л тулалдаж байсан бөгөөд Коди Гарбрандт ТЖ Диллашоуд хүнд цохилтоор унаснаар аваргын бүсээ алдаад байсан юм. Коди Гарбрандт энэ удаад “Би өөрийгөө шилдэг нь гэдгээ дахин харуулна” хэмээж байсан ч ТЖ Диллашоу түүнийг нэгдүгээр үед техникийн нокаутаар буулгаж авснаар аваргаа хамгаалж чадсан юм.

UFC холбооноос дээрх тулааны хэвлэлийн бага хурлын үеэр үзэгчдэдээ нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь холимог тулаан сонирхогчдыг байлдан дагуулжээ. Учир нь, ирэх 10 сарын 26 зохиогдох “UFC-229”-ийн гол тулаанд холимог тулааны босоо аварга Ирланд залуу Конор Макгрегор Орос аварга Хабиб Нурмагомедов тулалдахаар болсон талаар мэдэгдсэн юм.

Энэ хоёрын тулаан UFC-ийн эргэн тойронд нэлээдгүй шуугиан дэгдээж, их хэмжээний мөнгө яригдаж эхэлсэн нь тамирчдын дургүйцлийг хүргэж эхэлсэн гэнэ. Гэхдээ тулаан сонирхогчид 10 сарын зургааныг тэсэн ядан хүлээх нь лавтай.

Зураг: Youtube