Есдүгээр сарын байдлаар үнэт цаасны данстай харилцагчдын тоо нэг сая давсан байна.  Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн, 553 ААН байгаа төдийгүй үүнээс үзэхэд иргэдийн 40 гаруй хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ.

Ялангуяа есдүгээр сарын байдлаар данс нээлгэсэн иргэдийн тоо өмнөх сараас гурав дахин ихэссэн байна Тодруулбал, наймдугаар сард 8.902 данс нээгдсэн бол есдүгээр сард 24.688 данс шинээр нээгджээ.

Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын иргэнд, 10 хувийг ААН-д эзэмшүүлж, улсын мэдлийн 30 хувийг хөрөнгийн биржээр худалдаалж хөрөнгө босгохоор болсон.

Мөн иргэдийн 1072 хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлэн, нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоох зэрэг олон шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд иргэдийн хувьцаанд ногдол ашиг хүртээхээр төлөвлөсөн ба иргэд хувьцааны дансаа үнэт цаасны төвлөрсөн компаниудад нээлгэж баталгаажуулснаар ногдол ашиг дансанд орох боломжтой болох юм.

Дашрамд дурдахад, үнэт цаасны компаниуд 11 сарыг дуустал амралтын өдрүүдэд хувьцааны данс нээх үйлчилгээ үзүүлэх юм байна.