Энэ хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийн тавдугаар сарын 13-наас  27-нд явуулсан юм.

Урьдчилсан тооцооллоор энэ жил 38.232 хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоолол гарсан ч 20 гаруй хувь нь дээрх хугацаанд бүртгэлд хамрагдаж чадаагүй байна. 

Статистик үзүүлэлтээр Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.

Иймд дахин бүртгэлийг энэ сарын 21-30-ны хооронд явуулахаар болсныг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. 

Түүнчлэн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн цахим бүртгэлийг өнгөрсөн сарын 22-оос энэ сарын 22-ныг хүртэл  зохион байгуулж байна. 

Цэцэрлэгийн цахим бүртгэлд энэ сарын 15-ны байдлаар 28.181 хүүхэд бүртгүүлжээ. Урьдчилсан тооцооллоор энэ жил 33 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт элсэх юм. 

Дашрамд дурдахад, төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд он дамжин 92 сургууль, цэцэрлэгийн барилга баригдаж байна. Мөн энэ онд нийслэлийн нийт 83 сургууль, цэцэрлэгт 5.3 тэрбум төгрөгийн их засварын ажил хийгдэж байгаа юм.