Засгийн газраас ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг ярихгүй байгаа тул Нэхүүл нам бус хөдөлгөөнийхөн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд Чингисийн талбайд жагсаал тэмцэл зохиох зөвшөөрлийг зохион байгуулалттайгаар өгөөгүй тул тус хөдөлгөөний гурван иргэн талбайд өлсгөлөн зарлана гэлээ.

Тэдний зүгээс ерөнхий сайд У.Хүрэлсүх зээл авсан гишүүд сайд нарт хариуцлага тооцно гэсэн ч үүнийгээ хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжлээд намын даргын хувьд эдгээр хүмүүсийг намаасаа хөөх арга хэмжээ авах ёстой гэсэн юм.

Тэд ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцох, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх цаашлаад УИХ тарах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа бөгөөд энэ хариуцлагыг тооцтол тэмцэх гэнэ.

Сануулахад, Нэхүүл нам бус залуучуудын хөдөлгөөн өнгөрсөн сарын 11-нд ЖДҮХС-аас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж Чингисийн талбайд жагссан юм.  Тэд энэ үеэр төрийн өндөрлөгүүдэд хандан ЖДҮ-ээс зээл авсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэн даруй хариуцлага тооцохыг шаарджээ.