Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгуулагдаж буй Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүсийн бүтээн байгуулалт болон Өргөн сумын цементийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Засгийн газрын шийдвэрээр бог малыг эрүүлжүүлж, уурагжуулах нийт 600 га талбай бүхий 20 гаруй байгууламжтай мал тусгаарлах цогцолбор байгуулах бөгөөд ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.

Уг цогцолбор 2019 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох ба зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, нэмэлт тэжээлээр уурагжуулан нэмүү өртөг шингээж, амьдаар экспортод гаргах юм.

Энэхүү цогцолбор нь 160 гаруй ажлын байр шинээр бий болгож, бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоногт 180.000 бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой гэнэ.

Дараа нь Ерөнхий сайд хоногт 1750 тонн буюу жилд нэг сая тонн цемент, цементийн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай Монцемент Билдинг материалс ХХК-тай танилцлаа. Тус үйлдвэр 2015 онд ашиглалтад орсноосоо хойш өнөөдрийг хүртэл 650 мянган тн европ стандартын цемент үйлдвэрлэж, дотоодын зах зээлийн 40 орчим хувийг хангажээ.

Үйлдвэрийн гол онцлог нь хуурай аргын цементийн үйлдвэрийн эко технологи бөгөөд энэ нь нойтон аргын технологиос усны зарцуулалт тав дахин, эрчим хүчний зарцуулалт 30 хувь, түлш зарцуулалт хоёр дахин бага  байна.

Үйлдвэр болон ахуйн хаягдал усны 90 хувийг цэвэршүүлж төхөөрөмжийн хөргөлт, зам талбай, ногоон байгууламжийн усалгаанд ашигладаг байна.

Манай улсын цементийн жилийн хэрэгцээ 1.8 сая тонн, үүний нэг сая тонн-ыг импортоор оруулж ирдэг байжээ. Харин энэ мэт цементийн үйлдвэр байгуулагдаж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болсныг Ерөнхий сайд сайшааж, цаашид бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг судлах нь чухал гэдгийг онцоллоо.

Зураг: Засгийн газар