Непалын Эверест уулын ойролцоох Лукла нисэх буудалд Бямба гарагт осол гарч гурван хүн амиа алджээ. Онгоц газардах талбайгаас хөөрөх гэж яваад хөдөлгөөнгүй зогсож байсан нисдэг тэргийг мөргөсөн байна.

Улмаар онгоцны нисгэгч болон нисдэг тэрэгний ойролцоо зогсож байсан хоёр цагдаа амиа алдаж гурван хүн шархаджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ба нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

Лукла нисэх буудал нь 2845 метрийн өндөрт байрладаг бөгөөд газардах талбай нь богино, уулсаар хүрээлэгдсэн тул хөөрөх, газардахад маш хүндрэлтэй гэнэ. Иймээс зөвхөн богино газардах талбайд 100-аас олон удаагийн нислэг үйлдсэн туршлагатай нисгэгчид уг нисэх буудалд нислэг үйлддэг бөгөөд салхитай, үүлэрхэг үед буудлын үйл ажиллагаа зогсдог байна.

Дэлхийн хамгийн аюултай нисэх буудлын нэгт тооцогддог уг буудалд 2008 онд газардах гэж байсан онгоц осолдож 18 хүн, 2017 онд хоёр нисгэгч амиа алдаж байжээ. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Непалын соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн сайд Рабиндра Адикари болон бусад зургаан хүн осолдож амь эрсдсэн байна. Үүний улмаас Европын холбоо Непалын бүх агаарын тээврийн компаний онгоцыг агаарын замаараа нэвтрүүлэхийг хоригложээ.

Эх сурвалж: BBC, ABC