УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганаар хэлэлцсэн боловч АН зургаан цагийн завсарлага авсан юм. Ингэснээр уг асуудал өнөөдрийн 10:30 цагийн чуулганы хуралдаан хүртэл хойшилсон байна.

Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгалан чуулганы хуралдаанд хэлэхдээ, “Дээрх нэр бүхий гишүүд нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэлээ.

Мөн түүний хэлснээр Г.Солтаны Монгол Шаазан компани нь барьцааны материал дутуу ханган ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан бол Б.Ундармаа нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан Доктор МЕЙК компанид зээл олгох албан бичгийг ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригт илгээснээр 800 сая төгрөгийн зээл авчээ.

Харин “зээл аваагүй. Энэ бол улс төрийн зорилготой зүйл” хэмээн тайлбарласаар ирсэн Д.Дамба-Очир нь барьцаагүй зээлийн гэрээ хийж, зээл авсан гэж Ерөнхий прокурор мэдэгдсэн юм.

Л.Энхболдын тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн ЖДҮ-г хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн зээлийг авчээ.

Уг асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.