УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцээд 66,2% саналаар огцрууллаа. Түүний огцрохдоо хэлсэн үгийг бүтнээр нь хүргэе.

УИХ-ын эрхэм гишүүдээ 2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хуулийн дагуу төрийн хууль тогтоох дээд байгууллагыг удирдах Их хурлын даргын албан тушаалд хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр өнөөдөр шинэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг нь нэг хүнд зориулсан нэг үйл явдалд зориулсан парламентийн дархлааг сулруулж байгаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу хуулийн өөрчлөлтийг баталж, энэ хуулийн дагуу би үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна. Энэ үйл явдал хэзээнээс эхэлсэн, хэн юу ярьсан, хэн хэн гарын үсэг зурсан ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд энэ бүх үйл явдал бол Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэж байгаа. Монголын парламентийн түүхэнд ийм нэгэн саарал өдөр болж байна. Дахин энэ хуулийн зүйл заалтаар нэгэн УИХ-ын даргыг өөрчлөх явдал битгий болоосой гэж хүсэж байна.

Би ямар нэгэн байдлаар арга саам хэрэглэж албан тушаалтай зууралдаагүй.  Үүнээс өмнө нь гэсэн би төрийн өндөр албан тушаалыг хашиж, өгч явсан хүн. Гагцхүү энэ удаад хуулийн дагуу шийдэх ёстой гэх зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөх ч хүртэл ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай л байх ёстой. Надад шалтгаан байгаагүй учраас надад өргөдлөө өгөх боломж байгаагүй.

Би хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой гэдгийг хэлж ярьж, энэ асуудлыг шийдвэрлэхэд гишүүд бас ухаалгаар хандан ийм гарц гаргалгаа бий болгосон явдал бол өнөөдрийн Монголын төрд бий болоод байгаа гацааг гаргах боломж олгогдсон байж магадгүй. Гэхдээ энэ явдал дахин дахин бүү давтагдаасай. Миний удирдаж байсан УИХ-ын үйл ажиллагааны сүүлийн хоёр сарыг эс тооцвол би сайн ажилласан гэдгээ бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдаж ирцээ бүрдүүлсэн байдлаараа өмнөх парламентуудаас илүү байсан. Эдийн засгийн уналтад орсон үед бид ажлаа эхэлж байсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг бид хамтдаа баталсан. Банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх журамлах хууль эрх зүйн орчныг баталсан. Энэ бүгд өнөөдрийн эдийн засгийн өсөлт нааштай гарахын үндэс суурь болсон юм шүү.

Бид төрийн албыг шинэчлэх талаар хууль шинэчлэн баталж, үүнийг дагаж мөрдөх олон журмуудыг хэлэлцэж, ярьж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн ажиллах нөхцөл болоцоог дээшлүүлсэн, дадлага туршлагатай хүмүүс дээшлэх эрэмбэ дарааг тогтоосон чухал хууль байсан юм. Хэдийгээр өнөөдөр шийдвэр хууль нь гарсан ч гэсэн хэрэгжиж бүрэн чадахгүй байгаа нийгмийн шинж чанартай олон асуудлуудад эцсийн шийдвэрийг нь тавьж Их хурлынх нь хуулийг баталж өгсөн байгаа. Улс орны өмнө тулгамдаж байгаа, иргэдийн бухимдаж байгаа олон асуудлуудад бид анхаарал тавьж ажиллаж байсан. Засгийн газар хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой ажлаа цаг хугацаанд бүрэн дүүрэн хийж чадахгүй байсан учраас УИХ Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд Оюутолгойн ордыг ашиглаж байгаа өнөөдрийн нөхцөл байдлын талаар, Тавантолгойн ордыг ашиглах талаар, Эрдэнэтийн 49, 51 хувьтай холбоотой асуудлуудаар олон ажлын хэсгүүдийг байгуулсан. Энэ ажлын хэсгүүд удахгүй ажлын үр дүнгээ тайлагнана гэдэгт итгэж байна. Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэдэд хүндэтгэлтэй хандаж байна. Иргэдийн амьдрал санасандаа хүрч чадахгүй, амьдрал нь хүрэлцээтэй биш, амьдрах нөхцөл нь амаргүй байгаа учраас тэдний ярьж байгаа, шүүмжилж байгаа энэ асуудлыыдуг би зөв зүйтэйгээр ойлгож байгаа. Харин би өнөөдөр энд жагсаал цуглааныг зохион байгуулсан зарим нэг залуу улс төрчдөд хандан хэдэн зүйл хэлэх ёстой байх гэж бодож байна.

20 гаруй жилийн хугацаанд болсон бүх буруу муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог гэдгийг та бүхэн үзүүлсэн. Энэ үйл явдал УИХ-ын даргаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд намайг харлуулж борлуулах гэж та бүгдийн ярьж байсан шударга ёс тогтоно, нийгмийн олон олн асуудлыг шийднэ, бидэнд гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт зүйл иргэд олон түмэн та бүхнээс хүлээх даалгавар болж байгааг анхаарах хэрэгтэй. Энэ ярьсан хэлсэн зүйлээ ажил болгож байж та бүхэн өнгөрсөн 2 сарын хугацаанд хийсэн ажлынхаа үр дүнг үзүүлж байж та бүхний залуу улстөрч гэх нэр хүнд жинхэнэ ёсоороо өсөх ёстой юм шүү.

Хэн нэгнийг алдаршуулж ард түмний хайртай хүү болгох, хэн нэгнийг өнөөдрийн нийгэмд би болоод байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлыг бүгдийг нь шийдэж байна гэдэг дүр зураг үзүүлэхэд намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний бий болгосон амжилтыг дахин давтаж чадахгүй, дахин давуулж чадахгүй нь ойлгомжтой болохоор амжилт бий болгосон хүнийг нь харлуулах нь зөв гэж бодсон байх. Над руу хар будаг их цацсан. Би тэр их цацагдсан хар будгийг цагийн аясаар хагдран унана гэдэг эргэлзэхгүй байна. Үнэн зөв бодол санаа миний төрд зүтгэсэн ажил амьдралын байдалд алдаа оноо бий байх. Гэхдээ энэ бүх хийсэн бүтээсэн зүйлийг ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг үе удахгүй ирнэ. Энэ бүх гүжирдлэг гүтгэлгийг би даваад гарч чадна. Надад эцэг эхээс олгоон хүмүүжил бий. Төрд зүтгэсэн тэвчээр хатуужил бас байгаа. Харин эхнэр хүүхдүүдэд минь зориулж жагсаал хийж, шаардах хуудас өгч Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйл явдал гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд хамт сууж байвдаа гэж бодогдох үе ч бий. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан шүү. Монголын төрд захирах, тулгах, дарангуйлах, өөрийн хүслээр бүгдийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчихвий гэж миний санаа их зовниж байна. Энэ үгийг би хариуцлагатайгаар парламентийн танхимд хэлж байна. Өнгөрсөн хугацаанд надад хаягласан асуудлын талаар товч тайлбар хэлэх нь зүйтэй байх.

Би МАНАН-г дэмжигч биш, би хэн нэгнийг өмгөөлөгч хамгаалагч байгаагүй шүү. Харин МАНАН-ийн Засгийн газрыг огцруулж явсан түүхтэй. МАНАН-гүй засгийн газрын байгуулж явсан намтартай хүн шүү.

Харамсалтай нь жинхэнэ МАНАН-ийн засгийн газарт ажиллаж явсан нөхөр Л.Болд жагсаал удирдаад, та бүхний хууль батлагдсан өдөр яаран гарын үсэг зурж, 1 сарын 25 гэдэг энэ өдөр УИХ 39 гишүүн гарын үсэг зурж өргөн барьсан. Яг энэ өдрөөс 13 жилийн өмнө би Ц.Элбэгдоржийн толгойлсон засгийн газрыг унагаж Үндэсний эв нэгдлийн тодотголтой засгийн газрын байгуулж шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар, БХЯ-ны сайд Н.Энхболдыг гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Харамсалтай нь тэд 13 жилийн дараа МАНАН-ийн толгойлогчоор намайг тохоож, надаас салах гэж гарын үсэг зурсанд харамсаж байна. Намайг УИХ дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад МАНАН байж л байсан. Тэр үед та МАНАН-гийн толгойлогч гэж хэн ч хэлж байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.

Шударга бусын хонгилын түлхүүр хэн байна вэ гэх асуудлыг сүүлийн 2 сарын турш ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн ЭТТ-с зарласан сонгон шалгаруулалтад оролцоогүй бол шударга бусын хонгил гэдэг үг гарахгүй байх байсан.

Шударга бусын хонгил гэх үгийг гаргасан хүн нь өнөөдөр Төрийн ордонд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар чи хэлж буруутгаач гэдэг зүйлийг гишүүдэд хэлж ятгаж шаардаж байгаа юм. Тэгэхээр шударга бусын хонгил гэдэг маань шударга бус зүйлүүдийг хийсэн хүмүүсүүдийн халхавч, хорогдох байр нь болж байсан гэж үзэж байгаа. Уул уурхайн салбарын талаар олон зүйлийг ярьж байгаа. Оюутолгойн орд газрын ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д өргөн барьж байсан. Тавантолгойн орд газрыг Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед ашиглах гэж УИХ-гүйгээр шууд гэрээ хэлцэл байгуулах гэж байсан явдлыг би УИХ-ын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан. Харамсалтай нь 49 ордл газрыг төр улсынхаа мэдэлд авкъя гэхэд тухайн үеийн Засгийн 15 авч байсан юм. Уул уурхайн салбарт Эрдэнэс МГЛ компанийг байгуулж энд тэнд дэл сул яваа лицензүүдийг төрийн мэдлийн компанид цуглуулж, төрийн нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлцлийг хийж, хамгийн сүүлийн үеийн технологиор уул уурхайг үр дүнтэй өгөөжтэй ашиглах боломж олгож энэ компанийг байгуулсан. Би Ерөнхий сайдаар ажиллахдаа эмх замбараагүй байдлаар олгосон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгосон. Надад нэг ч уул уурхайн лиценз байхгүй. Цаашдаа ч уул уурхайн салбарын улс оронд ашигтайгаар ашиглах талаар нь зүтгэсээр байх болно.

60 тэрбумын яриа хэрэг гэж бид 2 жил гаруйн хугацаанд ярилаа. Үүнд хууль хяналтын байгууллага нь дүнгээ тавьсан. Одоо ч шалгаж байгаа. Цаашдаа би энэ асуудлыг ургийн модоо зурж, хэн хаана юунд томилогдож байсан талаараа ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Энд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж УИХ-д нэр дэвшүүлж байсан.

Нэгдүгээрт: Та бидний байгуулсан УИХ ном ёсоороо өндөрлөөсэй,

Хоёрдугаарт: Энэ УИХ хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай,

Гуравдугаарт: Хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь хэрэгжүүлж байгаа шигээ ард түмэнд тулгамдсан асуудал хандаасай,

Дөрөвдүгээрт: Парламентийн ёс, энэ тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө үлдсэн хугацаандаа хийгээсэй,

Тавдугаарт: Цаашдаа төрийн эрх баригч гишүүд үүргээ биелүүлж, цөөнхөө хүндэлдэг, олонхынхоо саналыг хэрэгжүүлдэг байгаасай,

Зургадугаарт: Болоод өнгөрсөн сонгуулийнхаа эрх мэдлийг булаацалдан хэрэлдэж биш, болох гэж байгаа сонгуулийнхаа төлөө нийлж эвсэж ажиллаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж хамт байсан гишүүд, иргэдийн төлөөлөл ч байгаа. Болж байсан үйл явдлыг үнэн бодитоор хүргэж байсан хэвлэл мэдээллийнхэн ч байгаа.  

Мөн тамгын газрын хамт олон ч байгаа. Та бүхэндээ би чин сэтгэлээсээ талархал илэрхийлж цаашдынх нь ажилд сайн сайхныг хүсье.

Төгсгөлд нь би Төр их бат ёс их хүнд гэх буурлуудын үгээр өндөрлөе. Ёс их хүнд гэдэг нь хүнд суртлыг яриагүй юм шүү. Ёс жаягаа дагаж, төр улсын ажлыг хийж гүйцэлдүүлж яваарай гэж буурлууд минь бидэнд захисан үг юм шүү. Ингээд би МУ-ын их хурлын тамгыг дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өгье.