НДЕГ-аас гар утаснаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө шалгах, тус байгууллагатай холбоотой бүхий л мэдээлэл, хууль тогтоомжийг цахимаар авах боломжтой Нийгмийн даатгал аппликэйшнийг нэвтрүүлээд байсан юм.

Уг аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянгад хүрсэн ч ашиглахын тул иргэд заавал НДЕГ болон аль нэг хэлтэст очиж бүртгүүлэх ёстой байсан юм. Энэ нь хүндрэл учруулж, тэр тусмаа гадаадад оршин суугаа иргэд ашиглах боломжгүй байжээ.

Тэгвэл өнөөдрөөс уг аппликэйшний бүртгэлийг онлайнаар баталгаажуулах боломжтой болжээ. Иргэд утсандаа Нийгмийн даатгал аппликэйшнийг татаж, бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn и-мэйл хаяг болон 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож, баталгаажуулах код авах гэнэ.

Ингэхдээ хүсэлт илгээгч нь тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад байгаа бол гадаад паспорт, Монголд оршин суугаа бол цахим үнэмлэхээ барьж авхуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн зургаа дээрх хаягууд руу илгээх юм байна.

Ингэснээр нэвтрэх кодыг илгээх бөгөөд аппликэйшнийг ашиглан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ хянахаас гадна шимтгэл төлөлтийн лавлагаагаа шууд хэвлэн авах боломжтой юм.

Иргэд аппликэйшний бүртгэл баталгаажуулалтыг онлайнаар хийхээс гадна урьдын адил өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтсээс нэвтрэх код авах боломжтой.