Ирэх оны улсын төсөвт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал тусгагдаагүйгээс гадна Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд Сангийн яам, ХНХЯ-ны гадна талбайд жагслаа.

Жагсаж буй иргэд “Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлахыг шаардаж байна, Улсын төсвийн тодотголд ХАБЭА-н зардлыг тусга, Даатгалын өгөөжийг нэмэгдүүлье” зэрэг лоозон барьж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Жагсагчдын зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн, тэтгэвэр тогтоолгоход тооцох хугацааг долоон жил болгон нэмэгдүүлсэн хуулийн заалтыг хүчингүй болгохыг шаардлаа. 

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг 2020 оны төсөвт тодотголоор тусгах, Капитал банкинд хадгалуулсан гэх 104 тэрбум төгрөгийг санд байршуулж, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг шаардсан юм.

Хэрэв шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлэхгүй бол Баасан гарагт улс орон даяар үйлдвэрчний эвлэлийн тэмцэл хөдөлгөөн өрнөнө гэж мэдэгдлээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажилчин ангийн нуруун дээр бүх ачаагаа тохсон хэрэг гэж жагсагчид үзэж байгаа юм. 

Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг ирэх жилийн төсөвт тусгаагүйгээс үүдэн үйлдвэрийн осол гарч, хүний эрүүл мэнд, амь нас хохироход ямар нэг үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болно гэлээ.

Сануулбал, 2018 онд нийгмийн даатгалын шимтгэл 23 хувь байсан бол энэ онд 24 хувь болгон нэмэгдүүлсэн юм. Харин 2020 оноос 26 хувьд хүргэснээр байгууллага 13.5 хувь, ажилтан 12.5 хувийн шимтгэл төлнө.