Нийслэлд ахуйн зориулалтаар нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын 2018.02.28-ны тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр өнөөдрөөс хойш тогтоолыг зөрчиж нийслэлд оруулсан хувь хүнийг 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгох юм.

Иймд хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна.

Түүхий нүүрсний хэрэглээг хориглож сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж Засгийн газар үзсэн юм. Учир нь агаарын бохирдлын 80 гаруй хувийг гэр хорооллын яндангийн утаа үйлдвэрлэдэг байна.

Өнөөдрийн байдлаар 60 мянган тонн шахмал түлшний нөөц байгаа ба 25, 600, 900 кг болон нэг тонноор савлаж, нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм.