Жил бүрийн 10 сарын 16-аас наймдугаар сарын 20 хүртэл тарвага агнахыг хориглодог. Хэдийгээр тарваганы хорио тавигдсан байгаа хэдий ч тарваган тахлаас сэргийлэх үүднээс нийслэл рүү оруулахыг хориглодог юм. Гэвч түүхий тарваганы мах, арьс зэргийг нийслэл рүү нэвтрүүлэх гэсэн оролдлого удаа дараа гарсаар байна.

Хамгийн сүүлд энэ сарын гурванд Эмээлтийн товчоогоор Nissan Niho маркийн машинтай иргэн Б арьстай 20 ширхэг тарвагыг хот руу оруулахыг завджээ. Мөн Архангай аймгийн Чулуут сумаас тээвэрлэгдэн ирсэн хоёр ширхэг арьстай тарвагыг хот руу оруулахыг завдсан байна.

Зураг: НМХГ

Энэ мэт зөрчлийг илрүүлж, тарвагыг хураан авч Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч байгаа ч, хот руу нэвтрүүлэх гэсэн оролдлого буурахгүй байгааг албаныхан хэллээ.

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгой эрс цөөрсөн хэдий ч 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой байгаа юм. Эдгээрийн 80 гаруй сум нь тахлын идэвхтэй бүсэд хамрагддаг байна. Энэ сарын есөнд хийсэн тандалт судалгаагаар Баян-Өлгий аймагт тарваган тахлын байгалийн голомт нэмэгдсэн байна.

Тиймээс иргэд тарваганы мах эд эрхтнийг түүхийгээр хэрэглэж, эмчилгээнд ашиглахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа юм.   

Сануулахад, өнгөрсөн сард ХУД-т тарваган тахлын сэжиг найман настай хүүд илэрсэн юм.

Хүү тарваганы хоёр ширхэг түүхий давсаг залгисны дараа 38-39 хэм хүртэл халуурч, хүзүүний хоёр булчирхай томорсон зэрэг тарваган тахлын шинжтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар хүүд яаралтай шинжилгээ хийхэд тарваган тахлын онош илрээгүй байдаг.