Дэлхийн хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотын хөрсний доройтол ба эрүүл ахуй хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Нийслэлийн хөрсний 88 хувь их хэмжээний нянгийн бохирдолтой нь тогтоогдсон байна. Үүнд гэр хорооллын нүхэн жорлон, хог хаягдал хамгийн ихээр нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ.

Тодруулбал, гэр хорооллын 800 мянган  айл өрхийн 95 хувь нь буюу 190 мянган нүхэн жорлон ашиглагддаг. Нүхэн жорлон нь хөрсний бохирдол үүсгэхээс гадна  гүний усыг бохирдуулдаг байна. Мөн хог хаягдлын менежмент хангалтгүй байгаагаас хөрс ихээр бохирдох шалтгаан болж байгаа гэнэ.

Иймд гэр хорооллын нүхэн жорлонг өөрчлөх санхүүгийн хөшүүрэг буюу урт хугацаатай бага хүүтэй зээл, хөрсний бохирдлын асуудал хариуцсан бүтэц, хатуу болон аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр, хогоос эрчим хүч гаргах дэвшилтэт технологи зэргийг нэвтрүүлэхээр болжээ.

Түүнчлэн нийслэлийн Байгаль орчны газраас зарим газруудад зөгий үржүүлэх аргаар нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс гадна хог хаягдлыг эх үүсвэрээр нь ялгах, ангилах тогтолцоог нэвтрүүлэх саналыг гаргажээ.

Сануулбал, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс онцгой хамгаалалтын бүсэд амьдарч буй айл өрхүүдийг нүхэн жорлон ашиглахыг хориглосон юм.