ҮСХ-оос энэ оны хагас жилийн байдлаарх нийгэм, эдийн засгийн төлөв байдлын статистик мэдээллийг танилцууллаа.

Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 38.1 мянган эх амаржиж, 38.4 мянган хүүхэд төрүүлжээ. Өнгөрсөн сард гэхэд 6336 эх амаржиж, 6387 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 7.3 хувиар, амьд төрсөн хүүхэд 7.4 хувиар буурчээ.

Мөн нялхсын эндэгдэл хагас жилд 521 болж, өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 632 болж 2.8-аар буурсан байна. 

Харин халдварт өвчлөлийн талаарх мэдээллээс үзэхэд нийслэлд зургадугаар сард  ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 274 боллоо. Сануулахад, өнгөрсөн тавдугаар сард мөн хоёр шинэ тохиолдол илэрснийг бүртгэж авсан юм. 

Нийт халдварт өвчнөөр өвчлөгсөд оны эхний хагас жилд 22.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4.4 хувиар нэмэгдсэн ба үүнд салхин цэцэг, цусан суулга, гонококк, сүрьеэгээр өвчлөгсөд нэмэгдсэн голлон нөлөөлжээ.

Эдгээрээс салхин цэцгээр өвчлөгсөд хамгийн их хувийг буюу 45.8 хувийг эзэлж байгаа бол бусад халдварт өвчлөл 2-4 хүртэлх хувьтай байна. Ялангуяа сүрьеэгээр өвчлөгчдийн шинэ тохиолдол 51 бүртгэгдэж 2.5 хувиар нэмэгджээ. Харин гар, хөл, амны өвчин, трихомониаз болон тэмбүүгээр өвчлөгчдийн тоо буурсан үзүүлэлттэй байна.