НИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэн батлах тухай төслийг хэлэлцэн баталлаа.

Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж, 2018 оны байдлаар 13.799-д хүрсэн байна. Харин үүний харилцааг зохицуулсан зохицуулалт байхгүй байгаа юм.

Хэдийгээр 2014 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталсан ч энэ нь холбогдох хуулиудад өөрчлөлт орсонтой холбоотойгоор зайлшгүй шинэчлэх шаардлагатай болжээ.

Мөн сүүлийн үед нийтийн эзэмшлийн гудамж, талбайд зориулалтын бус байранд хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаагаас үүдэн иргэдийн хүнсний аюулгүй байдал алдагдаж байгааг төлөөлөгчид хэллээ.

Харин уг журмыг баталснаар түргэн үйлчилгээний цэгүүдийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангах, аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг Хотын дарга мэдэгдлээ.

Түүнчлэн төлөөлөгчид журамд худалдаа үйлчилгээ эрхлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг нийслэлд бус дүүргүүдэд төвлөрүүлэх, сургууль, цэцэрлэгийн орчин, орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй дэлгүүрт согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл өгөхгүй байх санал гаргасан юм.