Хотын даргын ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар хэлэлцлээ.

НИТХ-аас энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг шинэчилж, БЗД-ийн 11-р хорооны Шалган нэвтрүүлэх товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол, СХД-ийн 32-р хорооны Мал бордох, Баруунтуруун 384-р гармын хэсэг, ХУД-ийн 12-р хорооны Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад хэсгийг нэмж хамруулжээ.

Үүнтэй холбоотойгоор ЧД, СБД, БЗД, ХУД, СХД-ийн хориглосон бүсэд мал аж ахуй эрхэлж байгаа 600 гаруй өрхийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, санал солилцсон байна.

Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхэлдэг иргэдээс санал асуулга явуулахад СХД-ийн 21-р хороо, 335-р гарам, Нарийны хэсэг, БЗД-ийн 20-р хороо, Арцатын аманд мал аж ахуй эрхлэх хүсэлт гаргасан байна.

Энэхүү хүсэлтийг харгалзан таван дүүргийн мал бүхий 468 өрхийг дээрх газруудад нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал, СХД-ийн хоёр байршилд 325 өрх, БЗД-ийн Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэж өгсөн байна.

Харин одоогоор нийслэлийн хориглох бүсэд байгаа 1067 толгой мал бүхий 54 өрхийн судалгааг гаргаж, хөдөө орон нутаг руу нэвтрүүлэх ажлыг орон нутгийн Мал эмнэлгийн тасагтай хамтран хэрэгжүүлж эхэлжээ.

Сануулахад, хотын дарга асан С.Батболд өнгөрсөн онд захирамж гарган энэ таван сар гэхэд нийслэлд байгаа бүх малтай иргэдийг хотоос гаргахаар болсон юм.