Хотын даргын зөвлөлийн хуралдаанаар засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Нийслэлийн энэ оны төсөвт зарим дүүргүүдийн хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ хүрээнд хүн ам, газар нутгийн хэмжээг харгалзан зарим дүүргийн хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, есөн дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан байна.

Зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд СХД-ийн 11-р хороо, ХУД-ийн тав, Налайх дүүргийн нэг хороодыг хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтон, зөвлөлийн гишүүдийн олонх нь дэмжлээ.

Ийнхүү уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлахаар болсон ба хороодыг хувааснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай хүргэж, чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж албаныхан үзсэн байна.

Улаанбаатар хотыг есөн дүүргийн 152 хороонд хуваадаг бөгөөд СХД хамгийн их хороотой буюу нийт 32 хороотой бол БЗД 28, БГД 23 хороотой байна.