Нийслэлийн 380 жилийн ойн маркийг танилцуулж, шуудангийн үйлчилгээнд нэвтрүүллээ. Нээлтэд УУХҮЯ-ны сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, хотын дарга С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд оролцсон юм.

Улаанбаатар хот 1974, 1984, 1999, 2014 онд ойн марк хэвлүүлж байсан ба энэ удаагийн марканд 380 жилийн ойн лого, анх шав тавьсан 1639 он, дунд нь УЛААНБААТАР, төгсгөлд нь 2019 он гэж бичсэн байна. 

Түүнчлэн уг гурван хэлхээ марканд Москвагийн гэрэл зурагчны 1874 онд буулгасан Өргөө хотын гэрэл зураг, Бөмбөгөр ногоон театр болон Социалист Монгол орон, өнөөгийн Монгол орныг харуулсан гэрэл зургууд багтжээ.

Шинэ марк танилцуулах нээлтийн үеэр Монгол маркийн музейд хадгалуулах анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж тамгалах ёслол хийсэн байна. 

Сануулбал, Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд марк гаргасан юм.