Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал Төрийн ордонд болж байна. Уг хуралд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн өвөлжилтийн бэлтгэл, хэрэгжүүлж буй ажлын явц тайланг танилцууллаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байгаа ба ирэх сарын 15-аас дулаан тавих юм. Дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 54 хувьтай байна.

Энэ өвөл нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах 24 багц ажил хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд гэр хорооллын 42 мянган айлыг дөрвөн КВт-ын халаалт залгах боломж бүрдүүлэх ажил дуусах шатандаа явж байгааг мэдэгдлээ.

Мөн сайжруулсан түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар 700 мянган тонн, шахмал түлшний нөөц 150-200 мянган тонн байна. 

Гэр хорооллыг түлшээр бүрэн хангахад 600 мянган тонн сайжруулсан түлш шаардлагатай ба үүнийг бүрэн хангах үүднээс Тавантолгой түлш компанийг үйлдвэрлэлтийн сувгийг долоон шугамтай болгохоор ажиллаж байна. Одоогоор дөрөв шугам нь ажилд оржээ.

Түүнчлэн өвлийн их ачааллыг даван гарах, эрчим хүчний хэрэглээний нэмэгдлийг хангах үүднээс ТЭЦ-4-ийн 1-4-р турбиныг шинэчилж 40 МВт-аар өргөтгөх, Дархан дулааны станцыг 35 МВт-аар өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна. Жилдээ цахилгааны хэрэглээний өсөлт 60-80 МВт-аар өсөж буй учраас дээрх хоёр ажлыг яаралтай гүйцэтгэж байж эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах гэнэ. 

Харин аймгуудын дулааны цахилгаан станцууд алдагдалтай ажиллаж байгаа учир өвөлжилтийн бэлтгэлээ хангах төсөв хөрөнгөгүй байгааг сайд Ц.Даваасүрэн хэллээ. Иймд аймгуудын төсөвт байгууллагын дулааны төлбөрийг барагдуулах, аваарын үед нөөц дизель генераторгүй аймгуудыг нөөцтэй болгох шаардлагатай байгааг сайд Ц.Даваасүрэн мэдэгдлээ. 

Түүнчлэн 10 аймагт дулааны станц барих төслийг Солонгосын хөнгөлттэй төслийн зээлээр хэрэгжүүлж байгаа юм. Уг ажлын зураг төсөл, тендерийн бичиг баримт шалгаруулалт зэрэг бүгд Солонгос компаниар дамжиж хийгдэж байгаа тул удаашралтай байгааг хэллээ.