Жилд 50 гаруй хүүхэд автомашины ослоор энддэг гэсэн стастистик судалгаа байдаг. Ялангуяа авто замын хөдөлгөөн идэвхтэй  байршилд оршдог сургууль орчмын бүсэд хүүхдүүд осолд өртөх эрсдэл өндөр байдаг aж.

Тэгвэл энэ онд нийслэлийн Замын цагдаагийн албанаас есөн сургуулийн орчныг аюулгүй болгохоор төлөвлөөд байгаа юм. Үүнд:

  • Баянгол дүүргийн 113,
  • “Сэтгэмж” цогцолбор сургууль,
  • Баянзүрх дүүргийн 84, 111,
  • Сонгинохайрхан дүүргийн 65,107,122,
  • Сүхбаатар дүүргийн 71,
  • Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургууль

Эдгээр сургуулиуд хотын төвийн ачаалал ихтэй авто зам дагуу оршдог, сурагчид осолд өртөх эрсдэлтэй бүсэд байрладаг гэж Замын цагдаагийн албанаас тодорхойлсон байна.

Монгол улс сургууль орчмын аюулгүйн бүсийн MNS 6444 стандартадыг  2014 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тухайлбал, уг стандартад сургууль орчмын бүсэд хүүхдийн аюулгүй байдлыг хангахдаа,

  1. Явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах хайлс
  2. Сургуулийн авто зогсоолын байгууламж
  3. 'Сургууль орчмын бүс' мэдээлэх лед самбар
  4. Анхааруулах, мэдээлэх тэмдэг, тэмдэглэл
  5. Сургуулийн бүс хэвтээ тэмдэглэл
  6. Хурд сааруулагч зэргийг байршуулна гэж заажээ.

Уг стандартаар 2017 онд нийслэлийн 16 сургуулийн орчныг 860 гаруй сая төгрөгөөр хүүхдэд аюулгүй бүс болгон тохижуулсан байна. Дээрх есөн сургууль орчны тохижилтын ажлыг ирэх наймдугаар сарын 20 гэхэд хийж дуусгахаар төлөвлөөд байгаа аж.

Сургууль орчин нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд тулгарах зам тээврийн хамгийн ээдрээтэй орчны нэг бөгөөд хүүхдүүдийн хувьд ч замын хөдөлгөөнд оролцоход хамгийн төвөгтэй орчны нэг юм.

Зураг: Madison.com

Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар сургууль орчмын бүсэд хүүхдэд зам тавьж өгөх, хурд хэтрүүлэхгүй байх нь ослын шалтгааныг бууруулна гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.