Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбох төслийн хүрээнд Нийслэлийн газрын албанд тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Уг төслийн үр дүнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын нэгж талбарын өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын мэдээлэл нь өндөр тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлж, улсын нэгдсэн мэдээллийн систем болон төрийн мэдээллийн сангуудтай холбох юм.

Ингэснээр нотариат, банк санхүүгийн байгууллагууд болон бусад эрх бүхий байгууллагуудтай бодит агшны мэдээллийг солилцох, зарим газартай холбоотой үйлчилгээг иргэн, ААН, байгууллагад цахимаар үзүүлэх боломж нээгдэх гэнэ.

Тодруулбал, цаг хугацаа орон зайнаас үүссэн үйлчилгээний хоцрогдлыг арилгаж, мэдээлэл солилцох, иргэд ААН-үүд газрын төлбөр, татварыг цахим болон гар утас ашиглан төлөх, хянах боломжтой болох юм.

Ийнхүү шинэчлэл хийгдсэнээр Газрын мэдээллийн сангийн програм хангамжийг ашиглагч мэргэжилтэн, албан хаагчдын бүтээмж, газрын харилцааны бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэж, иргэн хуулийн этгээдэд түргэн шуурхай, тасралтгүй хүргэх ач холбогдолтой гэж албаныхан мэдэгдлээ.

Сануулахад, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас тусгай хамгаалалттай газрын кадастрын мэдээллийн санд Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлж эхлээд байна.

Энэ нь мөн тусгай хамгаалалттай газар нутагт нэгж талбар, түүнийг ашиглагчдын мэдээллийг улсын кадастрын нэгдсэн мэдээллийн системд холбож цахимжуулах юм.