Нийслэлийн хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах комиссын II хурал боллоо.

Хуралдаанаар хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын мэдээлэл цуглуулалт, хамрах хүрээ, арга аргачлал, тооллогын бэлтгэл, хийгдэх ажлуудын талаар албаныхан танилцуулж, санал солилцсон байна.

Ирэх оны хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг анх удаа тооллогын мэдээлэл цуглуулалтын хосолмол аргаар хийхээр болжээ.

Энэ нь нийт хүн амын 10 хувийн мэдээллийг уламжлалт цаасан асуулгаар айл өрхөөр орж мэдээлэл цуглуулах, үлдсэн 90 хувийн мэдээллийг төрийн байгууллагуудын мэдээллийн санг уялдуулах байдлаар бүртгэлд суурилан мэдээлэл боловсруулах аргаар явуулах гэнэ.

Энэ үеэр хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн тооллогын комиссын удирдлага, гишүүдэд хандан 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл өгч, үнэн бодит байдалд онцгой анхаарч, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд туршилтын тооллогыг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-19-нд СХД, ХУД, БЗД-т зохион байгуулсан юм. Хүн ам орон сууцны тооллогыг 2010 оноос эхлэн улсын хэмжээнд 10 жил тутамд явуулж байхаар болжээ.