НОБГ-аас Мэргэжлийн хяналтын газартай хамтран дүүрэг, хороодын Засаг дарга, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-д ой, хээрийн түймрээс сэргийлэх хамтарсан мэдэгдэл хүргүүллээ.

Тухайлбал, нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт III зэрэгт хүрч, түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд хүрчээ. Иймд нийслэл, дүүргийн хэмжээнд хэсэгчилсэн байдлаар ойн аж ахуйн арга хэмжээ болон иргэдийн аялал зугаалга, амралт сувиллын зорилгоор ой, хээрийн бүсэд зорчих үйл ажиллагааг хязгаарлах, хяналтыг сайжруулахыг үүрэг болголоо.

Мэдэгдэлд хуурайшилттай үеийн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодод үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, Засаг дарга нар хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалт хийхийг тусгажээ.

Мөн дүүрэг хорооны Засаг дарга нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалт сурталчилгааг эрчимжүүлэхийг даалгасан байна.

Үүнээс гадна хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, түймэр тавьсан, гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэн, ААН-ийг Зөрчлийн тухай хуулиар захиргааны шийтгэл оногдуулахыг тусгажээ.