Дулааны цахилгаан станц-3, Улаанбаатар дулааны сүлжээ компаний өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явцтай ерөнхий сайд У.Хүрэлсүх, эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, хотын дарга С.Амарсайхан нар танилцлаа.

Улаанбаатар дулааны сүлжээ компаний өвлийн бэлтгэл хангах зуны засварын ажил 86 хувьтай байна. Нийслэлийн дулааны төв шугамд нийт 12 зогсолт хийж, дулааны төв шугам тоноглол, хэрэглэгчдийн засварын ажлууд хийгдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар долоон байршилд ажил төлөвлөсөн нь 78 хувьтай хийгдэж байгаа юм.

Харин ДЦС-3 компаний өвөлжилтийн бэлтгэл 66.2 хувьтай байна. ДЦС-3 нь жилд 1.13 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч, 2.9 сая Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар цагт 90 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ.

Засгийн газрын шийдвэрээр энэ оны 05 дугаар сарын 15-аас Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм.