НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн ирэх оны төсвийг баталлаа. Ирэх онд нийслэлийн орон нутгийн төсвийн суурь орлогыг 725.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 273.0 тэрбум төгрөг, улсын төсөвт 289.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр тусгажээ.

Хуралдааны эхэнд АН бүлэг төсвийн орлого жил бүр нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал сайжрахгүй байгааг шүүмжилж төсвийг танах санал гаргасан юм. Харин МАН бүлэг эсрэгээрээ ирэх оны төсвийг таван тэрбум төгрөгөөр тэлэх санал гаргасан байдаг.

Ямартай ч нийслэлийн төсөв хуульд заасан хугацаандаа батлагдаж, Хотын дарга хэлснийхээ дагуу огцрохоор боллоо.

Сануулбал, 11 сарын 12-нд Ерөнхий сайд МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал гаргасан ч асуудлыг эцэслэн шийдэх НИТХ-ын ээлжит бус хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон юм.

Тиймээс хотын дарга С.Батболд нийслэлийн 2019 оны төсвийг батлуулсны дараа буюу 12-р сарын 10-аас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөнө гэжээ. Түүнийг утаа, түгжрэл зэрэг нийслэлчүүдэд тулгамдсан асуудлыг шийдээгүй гэх үндэслэлээр огцруулж байгаа юм.